Өмнөд Солонгосын түүхэнд хамгийн томд тооцогдох ой хээрийн түймэр өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт тус улсын зүүн өмнөд бүс нутагт эхэлсэн юм.
Тэгвэл уг түймрийг 149 цагийн дараа буюу өчигдөр оройн 5:00 цаг гэхэд бүрэн унтрааж дууссанаа тус улсын эрх баригчид мэдээлжээ.
Түймрийн улмаас 28 хүний амь үрэгдэж, 48,000 гектар газрын ой мод шатсан байна. Энэ нь Сөүл хотын 80 хувь буюу 63,245 ширхэг хөлбөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний газар нутаг юм.
Мөн 33,000 гаруй хүнийг орон гэрээс нь нүүлгэжээ.
2000 онд тус улсын зүүн эрэгт гарсан ой хээрийн түймэр 23,794 гектар газрыг хамарсан нь үүнээс өмнө хамгийн томд тооцогддог байв.
Пүрэвээс Баасан гарагт шилжих шөнө цаг агаар сэрүүсэж, салхины хурд багасаж, хур тунадас орсон нь галыг унтраахад нэмэр болсон байна.
Үүний ачаар Пүрэв гарагийн үдээс хойш түймрийн 63 хувийг унтраагаад байсан гал сөнөөгчид Баасан гарагийн өглөө 94 хувьд хүргэж чаджээ.
Энэ удаагийн гамшигтай тэмцэхэд 5,580 хүн, 86 нисдэг тэрэг, 569 галын автомашин ашигласан байна.
Үүнд бас Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин, АНУ-ын цэргийн баазын нисдэг тэрэгнүүд багтаж байгаа юм.
Эх сурвалж: Yonhap News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!