Тэйт Бритаин галерей дэлхийн хоёрдугаар дайны үеэр Германы нацистуудын Бельгиэс дээрэмдсэн уран зургийг тухайн үед эзэмшиж байсан хүнийх нь үр ач нарт буцааж өгөхөөр болсныг өчигдөр зарлажээ.
Английн зураач Хенри Гиббсийн “Шатаж буй Трой хотоос зугтаж байгаа Эней болон түүний гэр бүл” нэртэй энэ зураг урлагийн бүтээл цуглуулагч Самуэл Хартвелд хэмээх жүүд хүний өмч байсан юм байна.
Нацистууд Антверп хотыг эзлэхэд 1940 оны тавдугаар сард тэр гэргийн хамт гэрээсээ дүрвэж байжээ.
Дайны үед алдсан олон зуун мянган урлагийн бүтээлүүдээ тухайн үед эзэмшиж байсан ихэвчлэн жүүд гэр бүлүүд буцааж авахаар олон жилийн турш тэмцэж байгаа.
1654 оны тосон будгийн энэ бүтээлийн гарал үүслийг Их Британийн засгийн газраас томилсон мэргэжилтнүүдийн зөвлөл судалсны эцэст ийнхүү жинхэнэ эздэд нь буцаахаар болж байна.
“Энэ шийдвэр нь нацистууд Самуэл Хартвелдийг аймшигтайгаар хавчин гадуурхаж, эд хөрөнгийг нь дээрэмдсэнийг хүлээн зөвшөөрсөн хэрэг боллоо” гэж Хартвелдийн өв залгамжлагчдын төлөөлөгч Британийн талын шийдвэрийг хүлээж аваад мэдэгджээ.
Дээрх уран бүтээлд шатаж буй Трой хотоос гэр бүлээ аврахаар тэмцэж байгаа эртний Грекийн домгийн Эней баатрыг дүрсэлсэн байдаг.
Тэйт Бритаин галерей уг бүтээлийг 1994 онд Брюсселийн Ян Де Маерын галерейгаас худалдан авч байжээ.
2024 оны тавдугаар сард Хартвелдийн өв залгамжлагчид бүтээлийг буцааж авахаар шүүхэд хандаж байв.
Тэйт галерейн захирал Мариа Балшоу “Бүтээлийг хууль ёсны өв залгамжлагчдад шилжүүлэн өгч байгаа нь үнэхээр аз завшаантай хэрэг юм. Бид ойрын үед тэднийг хүлээн авч, уран зургийг бэлэглэх мөчийг тэсэн ядан хүлээж байна” гэж мэдэгджээ.
Самуэл Хартвелд дэлхийн хоёрдугаар дайнаас амьд үлдсэн ч уран зургийн цуглуулгаа буцаан олж авч чадаагүй юм.
Хартвелдийн охин Сониа Клэин 1986 онд эцгийнхээ цуглуулгыг сэргээх зорилгоор итгэмжлэгдсэн төлөөлөгчийн газрыг байгуулж байжээ.
Дайн дуусахын өмнөхөн Нацистуудын дээрэмдсэн урлагийн бүтээлүүдийг аврах зорилгоор АНУ өөрийн мэргэжилтнүүдийн багийг Европт илгээж байсан юм.
Энэ ажлын үр дүнд ихэнх урлагийн бүтээл эзнээ олсон боловч 2009 оны байдлаар нийт 650,000 орчим бүтээлийн 100,000 орчим нь өмчлөл тодорхойгүй хэвээр байжээ.
Их Британийн засгийн газраас томилсон тусгай зөвлөл өнгөрсөн 25 жилийн хугацаанд 23 гомдол хүлээн авснаас 14-ийг нь шийдвэрлэж, хууль ёсны эздэд нь буцааж өгсөн юм байна.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
114 СЭТГЭГДЭЛТЭЙ
|