Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажлын явц 73 хувьд хүрчээ. Нийт 3.9 км тус авто зам нь Содон хорооллын уулзвараас Ард Аюушийн өргөн чөлөө буюу 3, 4 дүгээр хороолол болон Саппорогийн уулзвар руу нийлэх бөгөөд хөдөлгөөнийг есдүгээр сард нээх юм байна.
Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын гүүрний хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэн “Өнөөдрийн байдлаар эхний 2.6 км замын өнгө хучилт дууссан. Үлдсэн зам болон Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбогдох хэсгийн гурван ажил хийгдэж байна.
Нэгдүгээрт Ард Аюушийн өргөн чөлөөнөөс Толгойтын зам руу нийлэх далангийн түшиц хана.
Хоёрдугаарт эсрэг урсгалын 31.1 метр урттай гүүрэн гарц нь Ард Аюушийн өргөн чөлөөний хөдөлгөөнтэй огтлолцохгүйгээр хойд чиглэл рүү нийлэх байдлаар төлөвлөгдсөн.
Гуравдугаарт Толгойтын авто замаас урагш чиглэл рүү буюу Саппорогийн уулзварт нийлэх хэсгийн ухмалын ажил тус, тус үргэлжилж байна.
Эдгээрээс гадна 3.9 км авто замын ус зайлуулах байгууламж болон газар чөлөөлөлтийн ажлыг өдөр бүр гүйцэтгэж байна. Нийт ажлын явц 73 хувьтай байна. Замын хөдөлгөөнийг есдүгээр сард нээнэ” гэлээ.
Зам тавих ажлыг “Монгол зам групп” ХХК болон “Ган бүрд” ХХК-ийн түншлэл гүйцэтгэж байгаа аж.
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох 3.9 километр зам нь зургаан эгнээ, замын хоёр талаар тус бүр гурван метрийн өргөн явган хүний замтай, гэрлэн дохиогоор зохицуулагдах юм байна.
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар зургаан эгнээ бүхий 3.9 км авто зам тавих ажлыг гурван жилийн өмнө буюу 2022 онд эхлүүлсэн билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!