"Толгойтыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох замын урд, хойд урсгалын хоёр километр гаруйг хучиж дууссан"

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн байгууламж бүхий 3.9 км авто замын ажил 63 хувьд хүрчээ.

Өнөөдрийн байдлаар нийт 2.4 км авто замын суурь хучилтыг хийж дуусаж байгаа бөгөөд авто замын хөдөлгөөнийг есдүгээр сард багтаан нээх юм байна. Барилгын ажлыг “Монгол зам групп” ХХК болон “Ган бүрд” ХХК-ийн түншлэл 85 инженер, техникийн ажилтан, 45 техниктэйгээр гүйцэтгэж байгаа аж.

Авто замын ажлын талаар НЗХГ-ын гүүрний хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэн “Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна. Нийт зургаан эгнээ авто замын урд урсгалын 2.4 км, хойд урсгалын 2.1 км авто замын хучилтыг хийж дууссан.

“Содон” хорооллын уулзвар хүртэл 300 орчим метр хучилтын ажил үлдсэн. Энэ ажлыг гүйцэтгэхийн тулд хучилт хийх байршилд Тээврийн цагдаагийн албатай хамтран Ард Аюушийн өргөн чөлөөнөөс ирж байгаа хөдөлгөөнтэй сөрөг огтлолцохгүйгээр шулуун нийлэх зохицуулалт хийж байна.

Авто замын хөдөлгөөнийг есдүгээр сард багтаан нээхээр төлөвлөсөн боловч ажлын талбай дээр газар чөлөөлөлт, инженерийн шугам сүлжээний ажлууд зарим хүндрэлийг үүсгэж байгаа. Гэхдээ бид холбогдох ажил гүйцэтгэгч нартай зөвшилцөж, авто замын ажлыг цаг хугацаанд нь хүлээлцэхийг зорьж байна” гэв.

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон авто зам, гүүрэн байгууламж ашиглалтад орсноор Энхтайвны өргөн чөлөөний баруун хэсгийн ачааллыг 30-50 хувиар хуваалцах боломжтой гэж тооцоолжээ.

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Толгойтын авто замыг Ард Аюушийн өргөн чөлөө буюу Гэмтлийн эмнэлгийг “Содон” хороололтой холбох зургаан эгнээ бүхий 3.9 км авто зам тавих ажлыг 2022 онд эхлүүлсэн билээ.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг