Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатар томилогдоод тав дахь хоногтойгоо золгож байна. Ажлаа авсан даруйдаа Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудлыг парламентад оруулж ирнэ гэж байсан ч тийм ч амар түүний санаагаар болохгүй нь.
Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилохыг МАН-ын Удирдах зөвлөл 100 хувийн саналаар, Бага хурлын гишүүд 67 хувийн саналаар, УИХ-ын гишүүд 94 хувийн саналаар дэмжсэн. Тэр улс төрийн ийм өндөр дэмжлэгтэйгээр Ерөнхий сайд болсон ч бүрэн эрхийнхээ хүрээнд кабинетаа бүрдүүлэх гэтэл парламентын гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарав.
Өмнөх Засгийн газарт Соёлын сайдаар ажиллаж байсан Ч.Номингоос бусад бараг бүх сайдыг улираан ажиллуулах тохироо хийсэн бөгөөд кабинет дотроо зарим солио хийснээр өмнөх ажлуудаа үргэлжлүүлэхээр болсон гэдэг яриа байв. Тодруулбал, Т.Мөнхсайханыг Ж.Чинбүрэнгээр сольж бусад буюу Н.Учрал, С.Амарсайхан, С.Бямбацогт, Б.Батцэцэг, Б.Чойжилсүрэн, Л.Энх-Амгалан, Б.Дэлгэрсайхан, Б.Жавхлан, Ж.Энхбаяр нарыг үргэлжлүүлэх тохироо хийсэн байсан гэх мэдээлэл бий.
Гэтэл УИХ-ын гишүүн Э.Болормаагийн нэр бүхий албан бланк дээр 30 гишүүн, Х.Баасанжаргал гишүүнийх дээр 51 гишүүн гарын үсэг зурж, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн нь асуудлыг эргүүлэв. Хоёр гишүүний албан бичигт тусгасан шаардлагыг ерөнхийд нь тоймловол, өмнөх Засгийн газарт ажиллаж байсан сайд нарыг улираахгүй байх, шинэ танхим бүрдүүлэхдээ жендэрийн тэгш байдлыг хангах, УИХ-д анх удаа сонгогдсон гишүүдийг кабинетдаа оруулах, парламентын гаднаас сайд томилохгүй байх зэрэг асуудлыг тусгасан байна.
Ерөөс өмнөх бүх Ерөнхий сайд нар улс төрд нөлөөтэй аль аль талын эрх ашгийг хангахуйц томилгоогоор кабинетаа бүрдүүлсээр ирсэн байдаг. Ингэхдээ гүйцэтгэх засаглалын тэргүүнийг шахаанд оруулах явдал хөшигний цаана л өрнөж байсан гэхэд хилсдэхгүй болов уу.
Харин энэ удаагийн парламентын гишүүдийн акц эрх баригч намын хагарал ил цагаандаа гарсныг харууллаа.
Парламентаас Ерөнхий сайдыг томилох үед улс орны эдийн засаг хүндэрснийг Г.Занданшатар хүлээн зөвшөөрч "Төр өөрөө бүсээ чангалж, хүндрэлийг даван туулна" хэмээсэн. Үүний эхний алхам болох төсвийн тодотголыг энэ долоо хоногт УИХ-д оруулах тухай мэдэгдсэн. Гэтэл кабинетаа ч бүрдүүлж чадахгүй, шинэ залуу гишүүдийн шахаанд орсон байдалтай сууна.
Үүний зэрэгцээ УИХ дахь АН-ын бүлгээс Ерөнхий сайдыг Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ яаралтай өргөн мэдүүлэх, ингэхдээ сайд нарын тоог 50 хувиар багасгах зэрэг шаардлагыг хүргүүлж буйгаа мэдэгдэв.
Харин Ерөнхий сайдын зүгээс УИХ-д суудалтай ХҮН, Үндэсний эвсэл, Иргэний Зориг Ногоон намуудад хүргүүлсэн Засгийн газарт хамтрах урилга өчигдөр ил болсон.
Ийнхүү Г.Занданшатар шинэ гишүүдийн шахалт, сөрөг хүчний шаардлагаас гадна бусад намуудтай хийх тохирооны дунд амьсгаа өндөр суугаа нь гарцаагүй. Түүний өмнө хуучин сайд нарт хариуцаж байсан ажлыг нь өгөөд үргэлжлүүлэх эсвэл шинэ сайд нартайгаа бүхнийг шинээр эхлэх гэдэг хоёр сонголт тулгараад буй.
Ерөнхий сайдыг ийнхүү ирээдүйгээ сонгож ядан суух хооронд улс орон эзэнгүй айл шиг болчхоод байна. Тэр бүү хэл гарын үсэг зурах сайдгүй учир зарим ерөнхий боловсролын сургуулийн багш нар сүүлийн сарын цалин, амралтын мөнгөө хэзээ авахаа мэдэхгүй хүлээж сууна. Энэ бол ердөө ганцхан жишээ. Тиймээс парламентын гишүүд Ерөнхий сайдад шахалт үзүүлэх бус танхимаа өөрөө бүрдүүлэх боломж олгож, төрийн ажлыг гацаанаас гаргах нь энэ цаг үед хамгийн том тус байх болов уу.
Харин Ерөнхий сайд бүрэн эрхээ бүрэн дүүрэн хэрэгжүүлж, ажил хийх сайдуудаа үлдээж, хийдүүлдгийг нь сэлгээд яваасай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!