Ерөнхийлөгч Дональд Трампын брэнд нэртэй үүрэн холбооны Trump Mobile үйлчилгээ АНУ-ын зах зээлд нээгдэж, $499-ийн үнэтэй алтадсан ухаалаг гар утас зарагдаж эхлэхээр болсныг түүний ууган хүү өчигдөр зарлажээ.
Трампыг ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд түүний хүүхдүүд бизнесийн боломж олж авахыг хичээж буйн нэг илрэл энэ болж байна.
Шинэ үйлчилгээ нь АНУ-ын гурван гол операторын сүлжээг ашиглах гэнэ. Гэхдээ Трампын гэр бүл энэ бизнест ямар хувьтай оролцож байгаа, брэнд нэр ашиглах лицензийн гэрээнд хэдийг төлж буй талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
“Сар бүр тогтмол төлбөр төлснөөр гар утсандаа зайнаас эмнэлгийн үйлчилгээ авах, автомашиндаа замын хажуугийн тусламж үйлчилгээ авах, дэлхийн 100 улс руу хязгааргүй мессэж бичих зэрэг олон боломжийг агуулсан багц бүтээгдэхүүнийг бид хүмүүст санал болгож байна” гэж Манхэттэн дүүргийн Трамп Цамхагт болсон нээлтийн арга хэмжээний үеэр Трампын ууган хүү Дональд Трамп Жүниор мэдэгджээ.
Шинэ үйлчилгээний сарын хураамж $47.45 байх гэнэ. Энэ нь Трамп АНУ-ын 45 болон 47 дахь ерөнхийлөгч болсныг бэлгэдсэн тоо бололтой.
Алтадсан ухаалаг гар утсыг бүхэлд нь АНУ-д зохион бүтээж, үйлдвэрлэх гэнэ.
Одоогоор технологийн компаниуд өндөр өртөг, нийлүүлэлтийн дэд бүтцийн хомсдол, гадаад эд ангийн хамаарлаас болоод АНУ-д гар утас үйлдвэрлэж чадахгүй байгаа.
Тиймээс ихэнх гар утсыг Хятад, Өмнөд Солонгос, сүүлийн үед Вьетнам, Энэтхэгт үйлдвэрлүүлж байгаа юм.
Трампын дунд хүү Эрик Трамп өчигдөр хэвлэлд ярихдаа наймдугаар сард худалдаанд гарах эхний гар утаснууд нь гадаадад үйлдвэрлэгдсэн байх ч яваандаа бүрэн АНУ-д үйлдвэрлэгддэг болохыг амлажээ.
Одоогоор АНУ-д гар утас үйлдвэрлэдэг ганцхан компани байдаг нь Калифорнийн Purism юм. Тус компанийн Liberty нэртэй гар утас нэлээд өндөр буюу $1,999-ийн үнээр зарагддаг.
Энэ бүтээгдэхүүний зөвхөн гадаад корпусыг Хятадаас авч, бусад бүх зүйлсийг нь АНУ-д үйлдвэрлэдэг гэдэг.
Дональд Трамп ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийхийн тулд хувийн бизнесээ хүүхдүүддээ шилжүүлсэн гэж ярьдаг юм.
Гэхдээ түүний нөлөөгөөр боссон бизнесүүдийн эцсийн ашиг хэнд очих нь тодорхой.
Баасан гарагт ерөнхийлөгч Трампын орлогын мэдүүлэг нийтлэгдсэн юм. Өнгөрсөн онд тэр нийтдээ $600 саяыг лицензийн гэрээ, крипто төслүүд, гольф клуб зэрэг бусад бизнесүүдээс олсон байна.
Өмнө нь Трампын гэр бүлийн The Trump Organisation байгууллага Trump Vodka, Trump Steak, Trump Mattresses, Trump Ice, Trump University зэрэг салбар салбарын олон бизнест нэрээ ашиглуулах лицензийн гэрээ байгуулсан нь бүгд дампуурч байсан юм.
АНУ-ын үүрэн холбооны зах зээлийн 95 гаруй хувийг Verizon, AT&T, T-Mobile гэсэн гурван оператор эзэмшдэг. Гэхдээ тусгай зорилтот зах зээлүүдэд чиглэсэн MVNO (Mobile Virtual Network Operator) виртуал операторууд дээрх гурван компанийн дэд бүтэц дээр тулгуурлан ажиллах боломжтой бөгөөд сүүлийн жилүүдэд ийм бизнесийн хүрээ өргөжиж байгаа юм.
Тухайлбал Холливүүдийн жүжигчин Райан Рейнолдсын хөрөнгө оруулсан хямд үүрэн холбооны үйлчилгээний Mint Mobile виртуал оператор амжилттай ажиллаж байсныг сүүлд T-Mobile $1.35 тэрбумаар худалдан авч байв.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!