Өчигдөр Мексик улсын Сан Матео Пинас нэртэй жижиг хотын захирагч ажлын байрандаа зэвсэгт этгээдүүдийн гарт алагджээ.
Гэрчүүдийн мэдээлснээр мотоциклтой дөрвөн этгээд хотын захиргааны байранд дайран орж, захирагч Лилиа Гема Гарсиа Сотог түүнтэй уулзаж байсан орон нутгийн албаны хүн Эли Гарсиа Рамирезын хамт буудан хөнөөсөн байна.
Энэ халдлагын үеэр хотын цагдаагийн газрын хоёр албан хаагч шархаджээ.
Халдлага үйлдсэн этгээдүүд хэргийн газраас зугтсан тул олдоогүй байгаа гэнэ.
Хууль хүчний байгууллагууд аллагын зорилго, шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажлыг эхлүүлснээ мэдээлсэн байна. Ийм тохиолдолд ихэнхдээ гэмт хэргийн бүлэглэлүүдийн ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргасан албан тушаалтнууд хохирогч болдог.
Гарсиа Сото нь энэ онд Оасака мужид алагдсан хоёр дахь хотын дарга болж байна.
Тавдугаар сард тус мужийн Сантиаго Амолтепек хотын захирагч автомашинтай зорчиж явахдаа отолтод орсны улмаас хамт явсан хоёр хүний хамт буудуулж алагджээ.
Оасака мужийн захирагч уг аллагыг буруушааж, үйлдсэн этгээдүүдийг олж шийтгэхээ амласан байна.
Аллага үйлдсэн этгээдүүдийг олж илрүүлэх ажилд Мексикийн холбооны засгийн газрын агентууд оролцож байгааг мужийн прокурорын газар мэдээлжээ.
Сүүлийн жилүүдэд Мексик улсад улс төрчид, төрийн албан тушаалтнуудыг чиглэсэн аллага эрчимжиж байгаа.
Өнгөрсөн оны парламентын болон орон нутгийн сонгуулийн үеэр ийм төрлийн аллага оргилдоо хүрч байв.
Ихэнх халдлагууд орон нутгийн жижиг хотуудад гардаг бол өнгөрсөн сард нийслэл Мехико хотын захирагчийн хоёр ахлах зөвлөх гудамжинд буудуулж алагдсан нь Мексикийн нийгмийг цочроосон юм.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!