Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/17-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын төрийн тэргүүн Төв Азийн таван улсын удирдагчидтай Казахстанд уулзаж байна

Т.Давааням, ikon.mn
2025 оны 6 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин өчигдөр Казахстан улсад айлчлан иржээ.

Тэрбээр өнөөдөр Астанад эхлэх Хятад-Төв Азийн дээд хэмжээний хоёрдугаар чуулганд оролцох юм. Уулзалтад Казахстанаас гадна Узбекистан, Киргизстан, Тажикистан, Туркменистаны ерөнхийлөгч нар оролцож байна.

Энэ бол Төв Азийн таван улсын бүх удирдагчид анх удаагаа өөрийн бүс нутагт гадаадын төрийн тэргүүнтэй нэг дор уулзаж байгаагаараа онцлог болж байгаа юм. Хятад-Төв Азийн анхны дээд уулзалт 2023 онд Хятадын Шаньси мужийн төв Шиань хотод зохион байгуулагдаж байв.

Энэхүү үйл явдал нь байгалийн их баялагтай Төв Азийн бүс нутагт нөлөөгөө тогтоох гэсэн олон улсын өрсөлдөөн эрчимжсэнийг харуулж байна. Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд байсан эдгээр улсуудын гол түнш Орос улс байсаар ирсэн.

Харин сүүлийн жилүүдэд хүчний харьцаа өөрчлөгдөж, Хятад болон Өрнөдийн нөлөө, сонирхол нэмэгдэж байгаа.

Төв Азийн таван улсыг оролцуулсан анхны уулзалтыг 2015 онд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама анх зохион байгуулж байжээ.

Гэхдээ НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганы үеэр болсон энэ уулзалт гадаад хэргийн сайд нарын түвшинд болж байв.

Дараа нь 2022 онд Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди эдгээр улсуудын удирдагчидтай виртуал чуулган зохион байгуулж, дараа нь 2025 оны зургаадугаар сард тэднийг Энэтхэгт урьсан юм.

2023 онд АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден таван “стан”-ы төрийн тэргүүнүүдтэй Нью-Йорк хотод уулзсан бол үүнээс хойш дөрвөн сарын дараа Ши Жиньпин Хятад-Төв Азийн анхны чуулганыг Шиань хотод зохион байгуулжээ.

Гэхдээ АНУ-ын хүчин чармайлт Трампын засаг захиргааны үед үргэлжилж чадаагүй юм.

Энэ хооронд Европын Холбооны хэд хэдэн удирдагчид Төв Азийн орнуудад айлчилж амжсан. Хамгийн сүүлд хэдхэн хоногийн өмнө Италийн ерөнхий сайд Жоржа Мелони энэ бүс нутгийн Казахстан, Узбекистан улсуудад айлчилсан юм.

Төв Азийн бүс нутаг бол уран, газрын тос, газрын ховор элементийн арвин нөөцтэй. Мөн Европ, Хятадыг холбосон худалдааны зам дээр оршдог.

Тиймээс Бээжингийн эрх баригчдын хэрэгжүүлж буй Бүс ба Зам дэд бүтцийн аварга төсөлд чухал үүрэгтэй бүс нутаг юм.

 

Эх сурвалж: Aljazeera