Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/17-НД НИЙТЛЭГДСЭН

Ромын католик сүм хийдийн шинэ тэргүүнтэй уулзсан анхны кино од Аль Пачино болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 6 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Урлагийн ертөнцийн алдартнуудаас Ромын католик сүм хийдийн шинэ тэргүүнтэй уулзсан анхны хүн Америкийн домогт жүжигчин Аль Пачино болжээ.

Өчигдөр буюу Даваа гарагт 85 настай жүжигчин Ватикан хотноо пап XIV Леод бараалхсан байна.

Пачино одоо автомашин үйлдвэрлэгч Масератийг үүсгэн байгуулсан ах дүүсийн түүхээр бүтээж буй кинонд тоглоод Италид байгаа юм.

Аль Пачинотой цуг тус киноны найруулагч Андреа Иерволино байсан байна.

“Энэ уулзалт нь католик шашин болон манай киноны гол цөм болсон гэр бүлийн эв нэгдэл, хайр энэрэл, нигүүлсэхүй, нийтийн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулахын ач холбогдол зэрэг нийтлэг үнэт зүйлс дээр төвлөрсөн сүнслэг бөгөөд соёл урлагийн гүн гүнзгий урам зориг өгсөн мөч байлаа. Пап XIV Леогийн сүүлийн үеийн дэлхий дахинд илгээсэн айлтгалуудад байнга онцлон тэмдэглэгдэх болсон эдгээр үнэт зүйлс нь зөвхөн инновац, төгс бүтээл дээр бус, харилцан хүндэтгэл, эв нэгдэл, хамтын алсын хараанд үндэслэсэн ах дүү Масератигийн түүхтэй гүн холбоотой юм” гэж найруулагч сошиал хуудсандаа бичжээ.

Хэвлэлийн гэрэл зурагт Иерволино пап Леод автомашины дурсгалын загвар бэлэглэж буйг харуулсан байна.

“Maserati: The Brothers” нэртэй шинэ кинонд Пачино автомашин үйлдвэрлэгчийн анхны хөрөнгө оруулагч Винчензо Ваккарогийн дүрийг бүтээжээ.

Уг кинонд бас Энтони Хопкинс, Энди Гарсиа, Жессика Алба зэрэг алдартнууд тоглож байгаа юм.

Пачино бол 1940-өөд оны үед Нью-Йорк хотод католик шүтлэгтэй итали гэр бүлд өссөн хүн.

Гэхдээ тэр 2020 онд коронавирусийн халдвар аваад үхлийн ирмэгт очихдоо л өөрийгөө жинхэнэ сүсэг бишрэлтэй хүн мөн эсэхийг шалгасан гэдэг.

2024 онд хэвлэгдсэн “Sonny Boy” дурсамждаа Пачино энэ тухай “Би тэр өдөр үхлийг мэдэрсэн гэдэгтээ итгэлтэй байна. Би үхлээс буцаж ирсэн хүнийхээ хувьд тэнд юу ч байхгүй хов хоосон болохыг хэлж чадна. Дууслаа л бол чи байхгүй болно” гэж бичжээ.

 

Эх сурвалж: Associated Press