Өнгөрсөн тавдугаар сард нийслэл “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн 79 хувийн хувьцаа эзэмшигч болж, Улаанбаатар хотын нийтийн тээврийн орлого, зохицуулалтыг хянах боломж бүрдсэн.
“Улаанбаатар смарт карт”-аас төвлөрөх орлого 2024 оны эхний таван сарын байдлаар 13 тэрбум төгрөг байсан бол 2025 оны эхний таван сарын байдлаар уг орлого 16.1 тэрбум төгрөг болж, нийт 3.1 тэрбум төгрөгөөр өсжээ.
2024 оны эхний таван сарын байдлаар нийт зорчилтын тоо 60.8 сая байсан бол 2025 оны эхний таван сарын байдлаар нийт зорчилтын тоо 68.4 сая болж өссөн байна.
2024 оны эхний таван сарын тоон мэдээллийг 2025 оны эхний таван сарын байдалтай харьцуулахад нийтийн тээврээр зорчигчид 7.6 саяар нэмэгджээ.
Нийтийн тээврийн нийт зорчилтын орлого 2024 оны эхний таван сарын байдлаар 13 тэрбум гаруй төгрөг байсан бол 2025 оны эхний таван сарын байдлаар 22 тэрбум гаруй төгрөг бүрдсэн болохыг Нийслэлийн хэвлэлээс мэдээлэв.
Энэ сарын 12-ны өдрөөс эхлэн Улаанбаатар смарт картын зөвхөн төв салбар буюу Сити тауэрийн 4 давхарт байрлах хэрэглэгчийн төв дээр үйлчилгээ үзүүлдэг болжээ.
Драгон болон Дүнжингарав төвд байрлах салбарын үйл ажиллагааг зогсоосон байна.
Харин ахмадын карт болон ХБИ-ний карттай холбоотой үйлчилгээг нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв дээр хэвийн үзүүлж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!