Нийслэлийн Засаг дарга болон “Дата карт консерциум”-ын хооронд 2014 онд “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэх гэрээ”-г байгуулж, төсөл хэрэгжүүлэгчтэй хамтран нийслэлийн өмчийн оролцоотой “Улаанбаатар смарт карт” ХХК-ийг байгуулж, нийслэл тус компанийн 24 хувийг эзэмшиж байжээ.
Компанийн 55 хувийг эзэмшигч БНСУ-ын “Ти мони” ХК-тай хэлэлцээр хийж, хувьцааг өчигдөр шилжүүлэн авсан байна. Ингэснээр нийслэл “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн 79 хувийн хувьцаа эзэмшигч болж, нийтийн тээврийн орлого, зохицуулалтыг хянах боломж бүрджээ.
Энэ тухай НЗДТГ-ын дарга Д.Амгалан “Нийслэл “Улаанбаатар смарт карт” компанийн зөвхөн 24 хувийн хувьцааг эзэмшдэг байсан бол өнөөдөр 79 хувийн хувьцаа эзэмшигч боллоо. Одоо бид нийтийн тээврийн U-Money төлбөрийн системийн жил ирэх тусам буураад байсан орлогыг хянах, нийтийн тээврийн үйл ажиллагаа, дата мэдээллийг өөрсдөө хянах боломж бүрдлээ.
Түүнчлэн НИТХ-ын тогтоолоор зөвшөөрөл олгосны дагуу “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн үлдсэн хувьцааг нийт дөрвөн хуулийн этгээд эзэмшиж байгаа. Бид цаашид эдгээр компанитай хэлэлцээр хийж, уг компанийг нийслэлийн өмчид 100 хувь шилжүүлэн авна” гэв.
Нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлт хийж, дэвшилтэт технологи, системийг нэвтрүүлэх ажил цаашид ч үргэлжлэх аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!