Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху өчигдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа Ираны шашны дээд удирдагчийн амийг хөнөөх санааг үгүйсгээгүй бөгөөд ингэвэл мөргөлдөөн зогсох боломжтойг хэлсэн байна.
АНУ-ын ABC News сувгаар 20 минут ярихдаа тэр Ираны эсрэг Израилийн явуулж буй байлдааны ажиллагааг зөвтгөж, Аятолла Али Хаменийг “орчин үеийн Хитлер” гэж нэрлэжээ.
Өмнө нь Хаменийг устгах Израилийн төлөвлөгөөнд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хориг тавьсан тухай мэдээ цацагдаж байсан юм.
Ингэвэл нөхцөл байдал улам хурцдах аюултай эсэхийг ярилцагч Нетаньяхугаас асуухад “Энэ нь мөргөлдөөнийг хурцатгахгүй, харин ч зогсооно” гэж хариулжээ.
Тегераны дэглэм “мөнхийн дайн”-ыг хүсэж, цөмийн зэвсэгтэй болоход ойртсоныг Нетаньяху хэлээд “Үнэн хэрэгтээ Израилийн хийж буй зүйл бол үүнээс урьдчилан сэргийлэх, энэ түрэмгийллийг зогсоох явдал юм. Бид зөвхөн муу ёрын хүчний эсрэг тэмцэх замаар үүнийг хийж чадна” гэсэн байна.
Аятолла Али Хаменийг устгах төлөвлөгөө Израильд байгаа эсэхийг дахин лавлахад тэр “Бид хийх ёстой зүйлээ хийнэ” хэмээн товч хариулжээ.
Нетаньяху бас Ираны эсрэг явуулж буй ажиллагаагаа “харанхуй бурангуй ёсны эсрэг соёл иргэншилт ертөнцийн тулаан” гэж нэрлэсэн байна.
Мөн Тегераны цөмийн зэвсэгтэй болох оролдлого, өсөн нэмэгдэж буй баллистик пуужингийн хүчин чадал Америкчуудын санаа зовох ёстой зүйлс болохыг анхааруулахдаа “Өнөөдөр Тель-Авив, маргааш Нью-Йорк” гэж хэлжээ
Тэр бас Али Хаменийг “антисемит үзлийн галзуу фанат” гэж тодорхойлоод “Тэр бол орчин үеийн Хитлер. Тэр зогсохгүй. Тиймээс бид түүнийг заналхийллээ хэрэгжүүлэх арга хэрэгсэлгүй болгоход санаа тавих болно” гэсэн байна.
Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоох нь “хамгийн аймшигтай дайнаас урьдчилан сэргийлэх, Ойрх Дорнодод энх тайван тогтоох” арга зам болохыг Нетаньяху тайлбарлажээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!