Унгарын Будапешт хотод болж буй жүдогийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд зодоглосон Болдын Ганхайч хүрэл медаль хүртлээ.
ДАШТ-ий дөрөв дэх өдөр эмэгтэйчүүдийн 63 кг, эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд аваргаа тодруулав.
Эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд 39 орны 45 жүдоч өрсөлдсөнөөс О.Шинэбаяр эхний даваанд гүрж гаралтай Арабын Нэгдсэн Эмиратын тамирчин Нугзар Таташвилид дийлдсэн юм.
Тэгвэл эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд 34 орны 44 жүдоч өрсөлдсөн юм. Манай улсаас энэ жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт (2022, 2023) Л.Энхрийлэн болон Б.Ганхайч нар хүч сорьсон.
Л.Энхрийлэн эхний даваанд "ПАРИС 2024" олимпын шагналт V байранд шалгарч байсан Хорватын Катарина Кристог, дараагийн даваанд залуучуудын ДАШТ-ий хошой алттай, Францын Мелкиа Ошкорныг тус тус ялсан ч хэсгийн аваргын төлөө олимпын хүрэл (2020), ДАШТ-ий мөнгөн медальт (2022), Канадын Катрин Бошмен-Пинар юко үнэлгээгээр илүүрхэж яваад тун харамсалтайгаар өчүүлж хожигдлоо.
Манай тамирчин дагах тойрогт олимп (2024), дэлхийн хүрэл медальт (2024) Косовогийн Лаура Фазлиутай хүч үзэх байсан ч гэмтлийн улмаас татамид гарсангүй.
Харин Б.Ганхайч эхлээд БНСУ-ын Шин Чае Воныг торгуулиар, дараа нь Австрийн Лубяана Пиовесанаг юко үнэлгээгээр илүүрхсэн ч хэсгийн аваргын төлөө Японы Харүка Кажүд дийлдсэн юм.
Улмаар дагах барилдаанд нутгийн тамирчин Шабина Герчакийг үнэлгээгээр ялж, хүрэл медалийн төлөө олимпын аварга (2016), ДАШТ-ий хос алт (2013, 2022), мөнгө (2011), хүрэл медальт (2019) Рафаэла Сильваг вазаригаар буулган авснаар дэлхийн дэвжээнд данстай жүдоч боллоо.
Өдгөө 30 настай Б.Ганхайч ДАШТ-д 2017 оноос хойш зургаа дахиа оролцсоны эцэст медаль авсан юм.
| УЛС | АЛТ | МӨНГӨ | ХҮРЭЛ | НИЙТ |
|---|---|---|---|---|
| Япон | 4 | 1 | 3 | 8 |
| Франц | 1 | 1 | 1 | 3 |
| Гүрж | 1 | 1 | - | 2 |
| IJF | 1 | - | 1 | 2 |
| Итали | 1 | - | - | 1 |
| Косово | - | 1 | 1 | 2 |
| Бразил | - | 1 | 1 | 2 |
| Тажикистан | - | 1 | 1 | 2 |
| Казахстан | - | 1 | - | 1 |
| Канад | - | 1 | - | 1 |
| МОНГОЛ | - | - | 2 | 2 |
| Унгар | - | - | 1 | 1 |
| БНСУ | - | - | 1 | 1 |
| Азербайжан | - | - | 1 | 1 |
| Испани | - | - | 1 | 1 |
| АНЭУ | - | - | 1 | 1 |
| Герман | - | - | 1 | 1 |
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!