Мьянмартай хил залгаа зүүн хойд Энэтхэгийн Нагаланд мужийн уугуул овог аймгийнхан колоничлолын үед амь үрэгдсэн өвөг дээдсийнхээ ясыг Их Британийн нэг музейгээс буцааж авахаар болжээ.
Британийн колоничлогчид Ази, Африк болон бусад газраас ялалтын “бэлгэдэл” болгон нутгийн уугуул иргэдийн гавлын болон бусад ясыг авч явдаг байсан юм.
Үүнийгээ нийтэд үзүүлэх, худалдах, судлах зэргээр ашигладаг байжээ.
Сүүлийн жилүүдэд колони байсан улс орнууд өөрийн алдагдсан өв соёлын эд зүйлс, өвөг дээдсийнхээ биеийн үлдэгдэл зэргийг хуучин колоничлогч байсан орноос буцааж авах хөдөлгөөн эрчимжиж байгаа.
Хамгийн сүүлийн жишээ гэвэл өнгөрсөн сард Германаас АНУ-ын Нью-Орлеанс хотод африк гаралтай америкчуудын 19 ширхэг гавлын ясыг буцааж өгсөн байна. Тэдгээрийг африк гаралтай боолуудын оюуны чадварыг судлах зорилгоор Германд илгээж байжээ.
Оксфордын Их сургуулийн харьяа Питт Риверс Музейд дэлхийн хамгийн том Нага угсаатны соёлын эд зүйлсийн цуглуулга байдаг. Энд хэдэн мянган эд өлгийн дурсгалаас гадна голдуу гавлын яснаас бүрдсэн 41 хүний биеийн 178 хэсэг хадгалагдаж байдаг юм.
Музей хүний биеийн хэсгүүдийг 2020 оноос хойш нийтэд үзүүлэхээ больжээ.
Өнгөрсөн долоо хоногт Нагаландын Лота-Нага овгоос гаралтай антропологич Долли Кикон тус музейд ирж, өвөг дээдсийнхээ ясыг авах талаар уулзсан юм байна.
“Анх удаагаа Нага овог аймгийн төлөөлөгч энэ музейд ирж, өөрийн түүх, соёл, эд зүйлсийг буцааж авахаар ажиллаж байна” гэж Калифорнийн Их сургуульд багшилдаг 49 настай Кикон ярьжээ.
Музейн захирал Лаура Ван Брокховен эд зүйлсийг буцааж шилжүүлэхэд албаныхан оролцох ёстой тул хугацаа тодорхойгүй байгааг мэдээлсэн байна.
Өмнө нь Нага аймгийн ахмадууд оролцсон 23 төлөөлөгч өвөг дээдсийнхээ ясны үлдэгдлийг буцааж өгөхөд шаардлагатай хууль тогтоомж батлахыг Их Британийн парламентад удаа дараа уриалж байсан юм.
Нидерланд зэрэг Европын зарим орнууд хүний биеийн үлдэгдэл хэсгийг уугуул нутагт нь буцаах талаар үндэсний бодлогын бичиг баримттай болсон байдаг.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!