2019/11/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,702.99₮
B30
УЛААНБААТАР
-19°
|
-24°
B30
УЛААНБААТАР
-16°
|
-27°
B30
УЛААНБААТАР
-8°
|
-22°
18:00
S31
-22°
19:00
S31
-22°
20:00
S31
-23°
21:00
S29
-24°
22:00
S31
-25°
23:00
S31
-26°
00:00
S31
-26°
01:00
S31
-27°
02:00
S31
-27°
03:00
S31
-27°
04:00
S31
-27°
05:00
S31
-27°
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/19 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Балданпүрэв: Ах нь туслах дүрийн мастераас гадна аав мэргэжилтэй хүн

Д.Түвшин
2015 оны 1 сарын 19
MorninigNews.mn

Хүмүүс намайг Балданпүрэв гэхээсээ илүүтэй “Гэдгэр Содном, нөгөө өмдөндөө шээдэг нөхөр” гэж дууддаг байлаа. Сүүлийн үед “Өдөр өдрийн нар” киноны Лувсан өвгөн гэж дуудах болж хэмээн инээд алдаж, сонсоод баймаар сайхан яриагаараа бусдыг татах энэ эрхмийг “Анхны алхам” киноны тракторчин залуу, “Хатанбаатар Магсаржав” киноны Гэдгэр Содномын дүрээр нь ард түмэн илүү таних билээ. Мөн 70 гарсан насандаа Герман нисч тэндээсээ Эквадор улсад очиж Холливудын кинонд тоглосон гээд яриад байвал дуусахгүй намтар, түүхтэй нэгэн. 

Сүүлийн үед дэлгэцийн жинхэнэ од болон гялалзаж байгаа туслах дүрийн мастер маань 70 хол гарсан настай гэхэд царай зүс сайхантай ид хийж бүтээдэг торгон ирэн дээрээ явна. Учир нь, өнгөрсөн жил олон кинонд дүр бүтээж, үзэгчидтэй уран бүтээлээрээ дахин уулзсан. Ингээд Самбаагийн Балданпүрэв жүжигчинг уншигчидтайгаа уулзуулж, түүний сэтгэлээр хөглөгдсөн яриаг хүргэж байна.

-Та сайхан өвөлжиж байна уу?

-Тарган тавтай сайхан өвөлжиж байна аа. Өвгөн ах нь зүгээр суухгүй, уран бүтээлийн оргил өөд тэмүүлж, зүтгэж явна.

-Уран бүтээлийн ургац арвинтай байгааг тань мэднэ. Сүүлийн үед бүтээсэн дүрүүдээр тань дэлгэцнээ уулзах юм? 

-За баярлалаа дүү минь.Уран бүтээлийн ургац арвинтай. Тэр дундаа өнгөрсөн жил онцгой, уран бүтээлийн олз омог дүүрэн байлаа. Уржнан жилийн намраас хавар болтол завгүй л байсан.

Кино урлагт 40 гаруй жил зүтгэсэн. 

Зун ч ялгаагүй ажил ихтэй байсан. Өнөөдөр ч гэсэн завгүй л гүйж явна. Би урлагтай амьдралаа холбоод дөчин хэдэн жил болжээ. Нэг ёсондоо кино урлагт 40 гаруй жил зүтгэсэн байна. Энэ дашрамд нэг юм яримаар байна. Үнэн учраас юунаас нь ичих вэ.

Би урлагийн сургуульд сурч, жүжигчний мэргэжил эзэмшээгүй. Яах вэ, ерөнхий боловсролын сургууль бол дүүргэсэн. Гэхдээ урлагийн талаар А-аас Я-г хүртэл нь залгуулаагүй гэсэн үг. Харин урлагийн алтан үеийнхэнтэйгээ ажиллаж явсандаа л жүжигчин гэдэг мэргэжил олж авсан. СУИС, болоод хувийн, хувьсгалын янз бүрийн сургуульд багшилж, лекц уншиж явлаа.

Дээд сургууль төгсөөгүй байж шүү дээ. Оюутнууддаа Оюун, Гэндэн багш, зохиолч Намдаг, Ванганы талаар их ярьж өгдөг. Удвал, Явуухулан гээд мундагчуулаасаа жаахан юм сурч, хажууд нь шарлаж явсны хувьд урлагийн зам маань өдий зэрэг гэрэлтэй байгаа хэрэг. 

-“Өдөр өдрийн нар”, “Учиртай гурав” гээд нэлээд хэдэн киноноос таны дүрийг дахин харсан үзэгчид баярлаж байгаа нь дамжиггүй? 

-“Өдөр өдрийн нар” кино 60 ангитай хийгдсэн л дээ. Тэр киноны гол дүрийн Сүрэнгийн аав Лувсанд тоглосон. Манайд эмнэлгийн тухай бүтсэн кино гэвэл “Сэрэлт” л байлаа. “Сэрэлт” киноны аавд алдарт жүжигчин Ц.Цэгмид тоглосон. Тэгээд энэ дүрээ Ц.Цэгмид багштайгаа харьцуулан үзээд, дээд талд нь гарч тоглоно гэдэг бол утгагүй мөрөөдөл.

Гэхдээ үзэгчдийнхээ сэтгэлд хүрсэн дүр бүтээхийн тулд нэлээд хичээж тоглосон. Гомбын Золжаргал найруулсныг үзэгчид анзаарсан байх. “Өдөр өдрийн нар” кинонд тоглож байхад залуучуудаас суралцах зүйл их байсан. Бид ахмад үеэсээ суралцдаг байсан бол өнөөдөр шавь нараасаа сурч байгаа нь бас л сайхан хэрэг. Залуус маань юмыг хийж чаддаг болсны илрэл. “ Яах вэ, “Өдөр өдрийн нар” киног үзэгчид үзээд гайгүй, дажгүй болжээ гэж дүгнэсэн. 

-Та бас “Нар сарны зааг” уран сайхны кинонд тоглосон байсан. Түүхэн кино гэдэг утгаараа дүрээ гаргахад ямар нэгэн хүндрэл учирч байсан уу?

-Бат-Өлзий гэдэг шавь маань “Нар сарны зааг” нэртэй түүхэн кинонд тоглооч гэж урьсан. Энэ кинонд жижиг дүр бүтээсэн ч шаггүй байлаа. Гэхдээ энэ киног хувьдаа нэлээн тоож байгаа шүү. Би сүүлийн үеийн олон кино үзсэн. Тэгэхэд үүн шиг сайн кино байсангүй гээд хэлчихвэл буруудахгүй байх.

Өнгөрсөн хоёр жилд олон кино дэлгэцнээ гарсан. Харин миний оролцон тоглосон “Нар сарны зааг” кино түүхэн бодит дүрийг уран сайхны аргаар хийсэн гэдгээрээ онцлог байсан.

Хөгжмийг нь ярих юмгүй сайн бичсэн байна билээ. Үг нь зүрхийг зүсэх шиг болсон. Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров хөгжмийг нь туурвисан юм шүү дээ. Жаахан тулгамдахаар хүмүүсийн нэр орж ирэхгүй байна. Гавьяат Сүххуягаас эхлээд олон жүжигчин тоглосон. Хэсэгхэн гараад өнгөрөх хүмүүсийг ч дүр болгон харуулсан нь үнэхээр гайхалтай. 

-Таны ярианаас тийм кинонд тоглолоо гэхээс ийм дүр бүтээлээ гэж ярихгүй байгааг тань анзаарлаа. Харин ч хийсэн уран бүтээлээрээ онгирох хэрэгтэй юм биш үү?

-Онгирно гэдэг мунхагийн шинж. Гэхдээ хийж чадаж байвал хийгээд л бай. Өөрийгөө даруухан байлгаснаар улам л гялалздаг юм. Би дүрд тоглосон гэж хэлэх дургүй.

Онгирно гэдэг мунхагийн шинж.

Балданпүрэвийн дүрд тогложээ гэж ярьдагч, тэр хүнийг дуйрайгаад байгаа хэрэг биш шүү дээ. Тухайн дүрийг уран бүтээл болгодог учраас бүтээсэн гэж ярих нь зүйтэй. 

-Хоёулаа киноны талаар нэлээд ярилаа. Ярианыхаа сэвдийг өөрчилмөөр санагдлаа. Та төрөөс гавьяа шагнал горьддог уу. Яагаад энэ асуултыг тавьсан гэхээр хүртэх ёстой шагнал нь тухайн уран бүтээлчид оройтож очих явдал байдаг л даа? 

-Миний дотны найз, Авирмэд гэж хүн байсан. Залуучуудын театрт байхад нь олон мундаг дүрээр нь түүнийг хүмүүс мэддэг болсон доо. Түүний гэргий нь гавьяат жүжигчин Цэнд-Аюуш. Гавьяат жүжигчин Цэнд-Аюуш гэж ярихаар хүмүүс таньдаггүй. Ягаан Гажид гэхээр мэднэ. Тэгэхээр энэ хүний талаар яагаад ярьж байна гэхээр Ягаан Гажидыг ямар нэгэн киноны дүр гэж үздэггүй.

Ягаан Гажид хэмээн Монгол хүн бүр хүлээж авдаг. Тэрбээр ихээхэн оройтож буюу 2009 онд гавьяат авсан л даа. Уг нь ард түмэн аль эрт өгсөн байсан. Тэгээд гавьяат болоход нь багтраа тайлагдаж байлаа. Цэнд-Аюуш гавьяат болжээ гэхэд ард түмний самсаа шархирсан. Тухайн үед би гавьяатын тэмдэг аваад зүүчихсэн юм шиг сайхан санагдаж байлаа.

Цэнд-Аюушийнхаа хүндэтгэлийн арга хэмжээнд очихдоо сэтгэлийн мялаалга болгож, Ягаан Гажидын зургийг киноноос буулгаж, иргэний үнэмлэх хийлгүүлж өгсөн. “Ягаан Гажид Монголын иргэн шүү” гэж бэлгэлж байлаа. Тэрийг хийлгэх гэж бөөн асуудал болж байлаа. Цэнд-Аюушид одоо хадгалаатай байдаг байх. 

-Та миний гол асуултыг мартчих шиг боллоо? 

-За байз. Дөрвөн жилийн өмнө байна уу даа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас “Материалаа өг” гэлээ. Би чинь харьяалагдах байгууллагагүй учир юун материал вэ гэтэл “Та хурдан материалаа бүрдүүлээд өгөөрэй, дээрээс шаардаад байна” гэхгүй юу. Тэгэхээр нь Солонгоо дарга дээр очтол миний материалыг дор нь бэлдээд өгсөн.

Тэгээд театрын 80 жилийн ойн өмнөхөн, Тусгаар тогтнолын өдрөөр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрийг минь мялаалж, гэнэтийн юм болсон доо. Уг нь, гавьяа цол өгдөг бол нэлээд хэдэн жилийн өмнө хүртээх байсан байх. Яагаад гэвэл, Балданпүрэв гэдэг хүн хэргийн эзэн хэнгэргийн дохиур шүү дээ.

Зураач, жүжигчин, найруулагч, хослол зургийн оператор, жолооч, мужаан, алт мөнгөний дархан гээд хийгээгүй юм байхгүй. Тэгээд нэг газар тогтвор суурьшилтай байдаггүй болохоор өгдөггүй байсан хэрэг л дээ.

Харин яагаад ч юм энэ шагналыг гэнэт л олгосон. Би чинь хөдөлмөрийн хоёр дэвтэр дуусгасан хүн шүү дээ. Монголын дэлгэцийн урлагийн түүхэнд юм үлдээж чадсан учир энэ одонгоор шагнасан юм болов уу гэж бодсон. 

-Ингэхэд та Холливудын кинонд тоглосон бараг л анхны Монгол жүжигчин байх шүү. Таны араас Амарсайхан гээд Монгол жүжигчдийн цуваа Холливудын зүг хөвөрч эхлээд байгаа?

-Тэр сайхан тохиолдлыг одоо эргэж ярина гэвэл сонины зай талбай хүрэхгүй байх. Анх зохиолоо ч гүйцэт сайн судалж амжилгүй л явж байлаа. Анх хэдэн сарын өмнө пробонд орж байлаа. Хөгжилтэй орны, ухаандаа Холливудын кинонд тоглохоор явна гэхээс өвгөн миний хоёр хөл бараг л газар хүрэхгүй дэгдэж байснаа санаж байна.

Анх Германд очиход Ариунсайхан гэж хүү хүлээн авч үнэхээр сайхан үйлчилсэн. Тэр хүүгийн удам угсааг нь судлаад үзэхэд Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Лувсаншарав агсны зээ байсан. Германд сургууль төгсөөд, урилгаар урлагийн сургуульд багшилдаг, доктор профессороо хамгаалсан, соёлтой харилцаатай ёстой сайхан хүү байна лээ.

Анх Монголоос Гүрээ, хүүхэлдэйн Пэрэнлэй, найруулагч Нагнайдорж гээд бид хэд пробонд орж байсан юм. Тэгээд нэг хэсэг бүр сураг алдарсан юм. Тэгэхээр нь тэнцээгүй юм байгаа биз гэж бодож байтал хоёр оны зааг дээр Германаас захидал ирж, “Самбуу овогтой Балданпүрэв таныг Германд урьж байна” гэсэн урилга ирж билээ. Мөн ч их баярлаж байсан даа.

-Тэгээд л Герман нисчихсэн үү?

-Өө урлагийн бид чинь сэтгэлээрээ л баян, бусдаар тааруухан амьдралтай болохоор олон бэрхшээл тулгарч эхэлсэн. Ах нь тэтгэвэр гэж 100 хэдэн мянган төгрөг авдаг байсан. Ийм мөнгө авдаг хүн чинь яаж явах билээ. Урьсан хүнтэйгээ ярихад Германд очоод цаашаагаа Эквадор орно. Энд л ирчихвэл хувиасаа гаргасан зардлыг тань эргэн олгоно гэсэн. Харин хувийнхаа бэлтгэлийг маш сайн хангаарай гэсэн л дээ. 

Ирэх очихын зардал нь дор хаяж гурван сая төгрөг, бас ч үгүй гадаадын оронд очиж байгаа хүн эх орноо сурталчилах гарын бэлгэ, хүнтэй танилцахад нэрийн хуудаснаас эхлээд хэрэгтэй болж байгаа юм. 100 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг хүн чинь үүндээ хүчрэхгүй байлаа. Боловсролын яамаар орсон.

Хариуцсан хүнтэй нь уулзахад сарын 25 өнгөрчихлөө, он гараад хоёрдугаар сараас нааш мөнгө олгогдохгүй гэсэн. Тэгээд ажиллаж байсан театр нь татан буугдаж, кино үйлдвэр нь хувийн эзэмшлийнх болохоор надад чинь хэн мөнгө өгөх юм. Харин 10 хүүхдийн аав, ач зээгээ тэвэрсэн өвөө тулдаа л өр нэхлээ. 

“Яах нь вэ багш аа, наад олон талх чинь хатчихдаггүй юм уу” гэхэд “Үгүй ээ. Би нэгийг нь өрөндөө өгч, нэгийг нь өөрөө иддэг, үлдсэнийг нь зээлүүлдэг юм” гэж байсанчлан түүн шиг би зээлүүлсэн юмтай хүн шүү дээ. Долоон охин, гурван банди өсгөсөн хүн чинь. Нэг айлаас тэдэн төгрөг, тэтгэвэрээ бүтэн жилээр зээлэхэд тэдэн цаас болно гэж байгаад зардлаа босгоод явж байлаа. 

-Пробонд ямар дүр бүтээлгэж байсан бэ? 

-Проб хийхэд хувилгаан, том зиндаа өндөртэй лам хүний дүр байсан. Уг нь, Халимаг жүжигчин тоглох байсан гэсэн. Тэгэхээр тэр хүнийг болиод би дүр бүтээх гэж байгааг бодоход пробонд орсон жүжигчдээс анхаарал татаж чадсан хэрэг. 

Ер нь, Холливудын кино гэж ойлгоод очсон нь зөв байсан. Яагаад ингэж битүү, дулимагхан юм яриад байна гэхээр тэр талаар мэдээлэл үнэхээр бага байсан л даа. Проб хийхэд хувилгаан хүн байсан учраас лам хүн яаж алхдаг юм, хэрхэн завилж суух вэ, орхимжоо хаашаа ороох вэ гээд судлах хэрэгтэй байсан.

Анх зохиолоо ссан мэдэхгүй байсан болохоор ийм дүр бүтээнэ гэж Монголынхоо ард түмэнд ам гарч чадахгүй байсан. Ганц мэдэж баримжаалж байсан зүйл маань би болоод манай Монголчууд маш их азтай юм гэж л залбирсаар нисч байлаа шүү дээ. 

-Шинэ он гарсаар кинонд тоглох санал ирж байна уу? 

-Одоогоор мэдэгдэж, сонсогдсон зүйл алга л байна. Би өөрөө Сүхбаатар аймгийн хүн. Жинхэнэ Дарьганга хийц гээд ярих юм бол манай аймаг алдартай. Гэхдээ сэтгэл эмзэглүүлсэн нэг зүйл байгаа нь Монголын дархад устаж байна. Их гүрний жанжлах бодлого гэж их аймаар юм байдаг.

Урт цагааны дархан дээр ороод юм хийлгэе гэхээр Хятадын католог гаргаад ирнэ. Тэгээд алинаар нь цутгуулах вэ гэдэг. Эмээгийнхээ ээмэгний нэгийг нь хийлгүүлье гэхээр завгүй гээд байдаг.

Сэтгэл эмзэглүүлсэн нэг зүйл байгаа нь Монголын дархад устаж байна.

Үнэн хэрэгтээ завгүй биш чадахгүй байгаа юм шүү дээ. Тэгэхээр хятадууд багаж, хэвийг нь өгч, нэг ёсондоо дархчуудыг устгаж байгаа юм. Монгол дархан өөрөө хэвээ хийж, цутгадаг. 

Би өөрөө дархан, энэ талаар багшилж байсан. Харин ярианыхаа төгсөлд нэг зүйлийг ярихад “Балданпүрэв ээ чи ямар мэргэжилтэй вэ“ гэж өөрөө асууж байлаа. Олон юм руу гүйчихсэн хүн чинь энэ асуултандаа хариулт өгч чадахгүй л яваад байлаа.

Харин 10 хүүхдийн аав, ач зээгээ тэвэрсэн өвөө болохоор аав мэргэжилтэй юм шиг байгаа юм. Ач зээ нар минь 30 хол гараад явчихлаа. Нэг айлыг гурваас дөрвөн хүүхэдтэй гэж үржүүлээд үзэхэд ийм байна. Одоо ах нь 70 нэлээн гарчихлаа. 

Тэгсэн ч уран бүтээл хийх цаг, хугацаа их байна гэж л боддог шүү. Өдөр бүрийг алтан шар нарыг харж хань ижил, үр, ачдаа харагдаад явж байх юм сан гэж их л бодох юм даа ах нь. Хүнд ер нь үүнээс эрхэм дээд шагнал, аз жаргал гэж юу байх вэ дээ. 

x