Монголын түүхэнд төдийгүй дэлхий дахинд нэрээ мөнхөлсөн нэр хүндтэй түүхэн зүтгэлтнүүдийн нэг нь эзэн Богд Чингис хааны ач хүү Хубилай сэцэн хаан юм.
Түүний мэндэлсний 800 жилийн ой энэ онд тохиож байгаа учир ШУА-ийн Түүхийн хүрээлэнгээс санаачлан “МОНГОЛЫН ИХ ХААН ХУБИЛАЙН МЭНДЭЛСНИЙ 800 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭХ” талаар МУ-ын Ерөнхийлөгчид уриалга хүргэж байгаагаа мэдэгдлээ.
ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал С.Чулуун "Хубилай хааныг улсын нийслэлийг нүүлгэж Юань гүрнийг байгуулсанд шүүмжлэлттэй ханддаг хүмүүс байдаг.
Гэхдээ нийслэлийг нүүлгэсэнээр цөөн тооны Монгол угсаатнууд Хятадад уусах, болон Хятад иргэд Монголын нутагт ирж суурьших аюулаас хамгаалсан юм.
Мөн Хубилай хааныг Хятадын хаан гэсэн өрөөсгөл ойлголт ч байдаг. Тиймээс дээрх буруу ойлголтуудыг засах хэрэгтэй" хэмээн ярилаа.
Монголын төдийгүй дэлхийн түүхэнд балрашгүй ул мөрөө үлдээсэн Хубилай хааны түүхэн гавьяа зүтгэлийг дараах байдлаар тоймлон өгүүлж болно.
Их Монгол улсыг бататган бэхжүүлж, Монголын эзэнт гүрний нутаг дэвсгэрийг урьд өмнө байгаагүйгээр өргөтгөн тэлж, 1271 онд улсын цолыг “Их Юань” хэмээн өргөмжлөв. “Юань” гэдэг нь “Зурхайт ном”-ын “чиань юань” буюу “тэнгэр мэт их” хэмээх санааг үндэслэсэн хэрэг байлаа.
Монголчуудыг Хятад соёлд уусах аюулаас сэргийлж чадсан.
Лувсанданзаны “Алтан товч”-д: “Хубилай сэцэн хаган ану бурсан хуврагуудыг албанаас гаргаад хоёр ёсыг тэгш зохиож, Чингис хааны их төрийг бататган барьснаараа чихтнээ сэцэн хаан хэмээн олноо алдаршвай” хэмээн тэмдэглэжээ.
Хубилай хаан Сүн улсыг мөхөөснөөрөө Тан улсаас хойш таван зуу гаруй жил тархай бутархай, нэгдмэл бус байсан явдлыг эцэс болгож, Төвөд, Дали, Тайвань зэрэг орныг Хятад улсад нэгтгэн өнөөдрийн Хятад улсын үндэс суурийг тавьжээ.
Хубилай хаан бээр: “Төр улс нь ард иргэдээр үндэс болгомой. Ард иргэд нь идэж өмсөхөөр үндэс болгомой. Идэж өмсөх нь тариалан ялмаар үндэс болгомой” хэмээн үзэж тариаланг үндэс болгон, эзэнт гүрний эдийн засгийг дээд хэмжээнд сэргээн хөгжүүлсэн байна.
Их Юань улсаа захирахаас гадна Ази, Европыг дамнан тогтож байсан Алтан ордон улс, Цагаадайн улс, Хүлэгийн байгуулсан Ил хаант улсыг захирч, хамгийн уудам газар нутагт эзэнт гүрнийг тогтоон захирч байв.
Чингис хааны хөвгүүдийн байгуулсан хаант улсууд нь зарчим дээрээ Юань улсын байр суурийг хүлээн зөвшөөрч байнгын харилцаатай байсан бөгөөд олон орон алба барьж байсан нь Юань улс жинхэнэ утгаараа дэлхийн эзэнт гүрэн байсны тод жишээ билээ.
Мөн нүүдлийн болон суурин соёл иргэншил зэрэгцэн оршиж болохыг бодит амьдралаар баталж, угсаатан бүхний соёлыг тэгш хөгжүүлэх зарчим баримталж байв. Улс төрийн хүрээнд олон тогтолцоо зэргээр оршиж болох төр ёсны загварыг олон улсад харуулж чаджээ.
Тухайлбал: Солонгос, Төвөд, Монгол, Хятадыг тус тусынх нь хуулиар засаглаж, нэгэн жолоонд нэгтгэн захирсан нь Хубилай хааны төр барих гайхамшигт урлагийн нэг болж мөнхөрчээ.
Дэлхийн түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн Монголын их хаан Хубилай сэцэний суу алдрыг монголын ард түмэн төдийгүй дэлхий дахинд сурталчлан таниулж, түүний мэндэлсний түүхт 800 жилийг ойг Монгол Улс даяар 2015 онд ёслон тэмдэглэн өнгөрүүлэх зарлиг гаргахыг Ерөнхийлөгчөөс хүссэн уриалгыг Монгол Улсын Шинжлэх Ухааны Академиас гаргаж байгаа ажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!