Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Мөнхбаяр, Д.Төмөрбаатар, Г.Болдбаатар нарыг суллахыг шаардлаа

Г.Номин, iKon.mn
2015 оны 1 сарын 9
iKon.MN
Зураг зураг

“Гал үндэстэн” холбооны гишүүд хэвлэлийн бага хурал зарлаж Ц.Мөнхбаяр, Д.Төмөрбаатар, Г.Болдбаатар нарыг суллахыг шаардаж байгаагаа мэдэгдлээ.

Тус хөдөлгөөний гишүүн С.Дашцэрэн 2014 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр өвчний улмаас нас нөхцсөнийг дуулгаад ар гэр, үр хүүхдэд нь эмгэнэл илэрхийлсэн юм.

“Гал үндэстэн” холбооны гишүүн Ц.Энхбаяр "Талийгаач маань эх орныхоо төлөө тэмцэгчийг ялладаг , гадныхантай сүлбэлдэж газар шороо байгалийн баялгаа нууцаар наймаалцаж, улс эх орноо өрөнд баригдуулж ард түмнийг ядуурлын ирмэгт аваачиж, Монгол хүний оршихуйгаар тоглож буйг ичгүүргүй үйлдэл хэмээн хэлдэг байсан.

Түүнийг эх орон газар шорооныхоо төлөө тэмцсэнийх нь төлөө шоронд хорьсон гэж бид үздэг. 

1961 онд төрсөн Дашка маань бидэн дундаа хамгийн эрүүл биетэй нь байсан.

Гэтэл шоронд 1.5 жил хоригдоод биеийн байдал нь хүндэрч, 2014 оны наймдугаар сард хоёрдугаар эмнэлэгт хэвтэн хагалгаанд орж элэгнийхээ 65 хувийг тайруулсан.

Биеийн байдал муу, хөдөлгөж болохгүй гэсэн эмчлэгч эмчийн заавартай байхад нь ШШГЕГ-ын харьяа эмнэлэгт эмчилнэ гэж авч яваад хоёрхон цагийн дараа ар гэрийнхэнд нь ч мэдэгдэлгүй ялыг хүчингүй болгож сулласан.

Дашка маань бидэн дундаа хамгийн эрүүл биетэй нь байсан.

Түүнээс хойш биеийн байдал нь сайжрахгүй байсаар нас барлаа.

Манай холбооны зүгээс талийгаачийн үхэлд хууль шүүхийн байгууллага буруутай гэж үзэж байна" гэлээ.

Мөн талийгаачийн ар гэрээс нь МУ-ын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид гомдол гаргаад байгаа ажээ.

Одоогийн байдлаар “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр, гишүүн Д.Төмөрбаатар, Г.Болдбаатар нар хоригдож байгаа бөгөөд ШШГЕГ-ын харьяа 421-р ангид хоригдож байгаа Г.Болдбаатарын биеийн эрүүл мэнд хүнд байгаа юм байна.

Түүнийг Улсын 3-р нэгдсэн эмнэлэгийн дүгнэлтээр эрүүл мэндийн хувьд ял эдлэх боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан хэдий ч шинжээч эмч нар нь түүний биеийн байдал нь ялаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзэж байгаа ажээ.

"Ялаас чөлөөлөх өвчний жагсаалт хүнд өвчтэй ялтанд эмнэлэгийн бусад байгууллагын туслалцаа үзүүлэх журам" /Хууль зүйн дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2002 оны 313, 316-р тушаалын хавсралт/