Дэлхийн мэдээллийн технологийн салбарын тэргүүлэгчдийн нэг HP Корпораци Мобинет ХХК-тай хамтран 2014.12.09-ний өдөр “HP WORKSHOP 2014” уулзалт семинарыг зохион байгуулах гэж байна.
Монгол Улсад анх удаагаа зохион байгуулагдах гэж байгаа уг арга хэмжээний гол зорилго нь HP Корпорацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг манай орны зах зээлд хэрхэн нэвтрүүлж буй талаар мэдээлэл хүргэх, цаашдын хамтын ажиллагааны бусад боломжуудыг сурталчлах, үйл ажиллагааг нь идэвхжүүлэх, туршлага солилцоход чиглэгдэх бөгөөд арга хэмжээнд банк санхүү, уул уурхай, үйлдвэрлэл үйлчилгээ гээд бизнесийн бүхий л салбарын болон төрийн байгууллагуудын төлөөлөгчид оролцоно.
HP Корпораци нь Bill Hewlett, Dave Packard нарын санаачлагаар 1939 онд үүсгэн байгуулагдаж, өнөөдөр дэлхийн 170 гаруй оронд 145 мянган албан ёсны борлуулагчаар дамжуулан үйл ажиллагаагаа явуулж байна. Тус корпораци нь 2013 оны байдлаар жилийн 112 тэрбум ам.долларын орлогоор дэлхийн мэдээллийн технологийн салбарт 7-р байрт жагссан ба 2014 онд Фортун (Fortune) сэтгүүлээс нэрлэсэн Шилдэг 500 байгууллагын 17-д бичигджээ.
Мобинет ХХК нь HP Корпорацийн Монгол дахь албан ёсны “ServiceOne Partner” түншээр ажилладаг бөгөөд тус брэндийн бизнесийн байгууллагуудад зориулсан сервер, мэдээлэл хадгалах төхөөрөмжүүдийн шийдлийг зөвхөн тухайн байгууллагад зориулсан байдлаар нарийн стандартын дагуу боловсруулах, нийлүүлэн суурилуулах болон борлуулалтын дараах иж бүрэн үйлчилгээг HP сертификаттай мэргэжлийн инженерийн баг хэрэглэгчиддээ үзүүлж байна.
ServiceOne Partner гэдэг нь түншлэлийн зэрэглэл бөгөөд HP Корпорацийн боловсруулсан нарийн стандартын дагуу хэрэглэгчдэд мэдээллийн технологийн үйлчилгээг нийлүүлж чадаж байгаа эсэхэд үндэслэн олгодог байна. Ингэснээр Мобинет компаниар дамжуулан тус корпорацийн бизнесийн байгууллагуудад санал болгодог CarePack Service, HP Professional Service, HP Contractual Service үйлчилгээнүүдийг албан ёсны HP сертификат бүхий инженерүүдээр дамжуулан авах боломжоор хангагдаж байгаа хэрэг юм.
МОБИКОМ КОРПОРАЦИ ХХК
БАЙГУУЛЛАГЫН БИЗНЕСИЙН ГАЗАР
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!