БНСУ-ын Сөүлийн их сургуулийн зүрхний мэс заслын профессор Ким ахлагчтай 11 хүний бүрэлдэхүүнтэй баг энэ сарын 21-26-ны хооронд П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрхний мэс заслын тасагт ажиллалаа.
Багийн бүрэлдэхүүнд хүүхдийн зүрхний мэс засалч хоёр, хүүхдийн зүрх судасны эмч нэг, хагалгааны ба эрчимт эмчилгээний найман сувилагч ирсэн байна.
Мэс заслын баг нь Зүрхний төрөлхийн маш хүнд гажигтай нэг сар 23 хоногтойгоос найман сар хүртэлх насны долоон хүүхдэд зүрхний хүнд хэлбэрийн мэс заслыг амжилттай хийжээ.
Тодруулбал, хагалгаанд орсон хүүхдүүд ховдол тосгуурын таславч нээлттэй байх гажиг, зүрхний төрөлхийн дөрвөлсөн гажиг, уушгины артерийн атрези, ховдол хоорондын таславчийн цоорхойтой өвчтөн маш хүнд хэлбэрийн зүрхний хэм алдагдалтай зэрэг оноштой байсан байна.
Энэ сарын 29-ний өдрийн байдлаар 2 хүүхэд эмнэлгээс гарч, 4 хүүхэд эмчилгээний тасагт, 1 хүүхэд мэс заслын дараах эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Мөн солонгосын хүүхдийн зүрх судасны эмч нар манай хүүхдийн зүрхний эмч нартай хамтарч хот, хөдөөгийн 100 гаруй хүүхдэд зүрхний хэт авиан оношилгоо, үзлэг хийжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!