НИТХ-ын дөрвөн тэргүүлэгч, 12 төлөөлөгч, нарийн бичгийн дарга Н.Энхболд, нийслэлийн аудитын газрын дарга Ц.Очирбат нараас бүрдсэн айлчлалын баг Бразил, Куба зэрэг улсад ажлын айлчлал хийхээр төлөвлөж, тэр нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр тархсан.
Үүнээс үүдэлтэй шүүмжлэл тэдний чихийг хэсэгтээ л халууцуулсан билээ. Бразилийн багт НИТХ дахь МАН-ын бүлгийн зургаан гишүүний нэр байсан юм.
Харин өчигдөр НИТХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Т.Гантөмөр, хөлбөмбөг үзэхээр Бразил явсан гэх “хэргийн эзэд”-ээр тодроод буй гишүүдийнхээ хамт мэдээлэл хийлээ.
Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед улам данхайж буй бүтэц, орон тоо, урсгал зардлаа хотын эрх баригчид танахыг өмнө нь нийслэлийн МАН-аас шаардаж байсан.
Тиймээс хөлбөмбөг үзэхгүй байсан ч, татвар төлөгчдийн мөнгөөр Бразил, Куба руу гадаад томилолтыг дэмжихгүй байснаа тэд мэдэгдэв.
НИТХ гадаад томилолтын төсвөө жилийн өмнө баталдаг бөгөөд, иргэдийн хурал дахь намын бүлгүүдэд тодорхой тооны томилолтын квот өгдөг аж. Энэ квотын дагуу МАН-ын бүлэг нийслэлийн төсөв батлагдах үед дээрх томилолтод явж болох хүмүүсийнхээ нэрийг мэдүүлсэн байжээ.
Харин томилолтоор явах хугацаа ирэх үед эдийн засгийн байдалтай холбогдуулан тус намын бүлгийн гишүүд татгалзах шийдвэр гаргаж, онгоцны тийз захиалгад анхнаасаа ороогүй гэнэ.
Харин Б.Саранчимэг төлөөлөгчийн хувьд АНУ-ын Харвардын их сургуульд суралцах болсон тул хувийн зардлаар өчигдөр явсан хэмээн мэдэгдэв.
Түүнийг нотлох тийзийн хуулбарыг ч өчигдөр мөн харуулав. Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч, хотын дарга асан Г.Мөнхбаяр “Би НИТХ-ын гишүүнээр хоёр жил ажиллах хугацаандаа нэг ч удаа төсвийн мөнгөөр гадаад томилолтод явж байгаагүй. Цаашид ч явах сонирхол алга байна ” хэмээв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!