Нийслэлийн ИТХ-ын 18 төлөөлөгч Бразил руу хөлбөмбөгийн ДАШТ-тэй зэрэгцээд явах гэж байгаа тухай яриа олон нийтийн сүлжээний халуун сэдэв болоод байна.
Энэ талаар НИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Энхболдоос асуухад "Тийм юм байхгүй" гэсэн товч хариулт өглөө.
Өөр эх сурвалжаас авсан мэдээллээр зарим төлөөлөгч нь явчихсан. Нийслэлийн иргэдийн хурлын төсвөөр явж байгаа гэнэ.
Харин Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн өнгөрсөн сарын 5-ны өдөр батлагдсан гадаадад томилолтоор явуулах тухай тогтоол байх юм.
Уг тогтоолд:
1. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийг Холбооны Бүгд найрамдах Бразил Улс, Бүгд Найрамдах Куба улсад хурлын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлах айлчлалыг 2014 оны 06 дугаар сарын 12-ноос 22-ны өдрүүдэд зохион байгуулж, дараах бүрэлдэхүүнтэйгээр оролцуулсугай.
2. Хурлын туршлага судлах айлчлалд зарцуулагдах зардлыг хурлын байгууллагын гадаад харилцааны зардлаас гаргахыг нягтлан бодогч /Ш.Шадвийдорж/ -д үүрэг болгосугай гээд Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга баталгаажуулжээ.
Мэдээлэл тодруулахад "Тийм юм" байхгүй хэмээн үгүйсгээд байсан Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Энхболдын нэр гадаад явах 18 эрхмийн жагсаалтад орсон байх юм. Тэр худлаа ярив уу?!...
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!