Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Хоролмаа: Хар болон саарал усаа дахин ашиглаж байж ногоон хөгжилд хүрнэ

ikon.mn
2014 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг

БОНХЯ-ны Цэвэр технологи, шинжлэх ухааны хэлтсийн мэргэжилтэн Г.Хоролмаатай цэвэрлэх байгууламжийн талаар ярилцлаа.

-Сүүлийн үед усны тухай асуудал хурцаар яригдаж байна. Ер нь бид усаа цэвэрлэн дахин ашиглаж чадаж байна уу?

-Бохир усыг стандартын түвшинд цэвэршүүлж хэрэглэх нь манай орны тулгамдсан асуудлын нэг юм. Манайхан ер нь ахуйн болон үйлдвэрийн хэрэгцээнд гүний усыг ашигладаг, усыг эргүүлэн ашиглах, саарал усыг ашиглах талаар ярьж байгаа боловч энэ асуудал туйлын хангалтгүй түвшинд байгаа. Усыг эргүүлэн ашиглахгүй байгаа үрэлгэн энэ байдал нь эргээд усны хомсдолд оруулах, байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаа юм. Үүнийг эрдэмтэн судлаачдын олон судалгаа шинжилгээний ажлууд нотолж байна. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй юм.

-Манай цэвэрлэх байгууламжууд ямар төвшинд ажиллаж байгаа вэ?

-Улаанбаатар болон аймгийн төвүүдэд цэвэрлэх байгууламжууд байгаа. Гэхдээ цэвэрлээд гарч байгаа ус нь стандартад нийцэхгүй, цэвэрлэгээний түвшин хангалтгүй байгаа юм. Мөн Улаанбаатарын төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа ус шаардлагын түвшинд хүрдэггүй. Үүний хамгийн гол шатлгаан нь цэвэрлэх байгууламжидорж, нийлүүлэгдэж байгаа ус нь өөрөө  шаардлагад нийцэхгүй байна.

Г.Хоролмаа: Цэвэрлэх байгууламжийн дэлхийн чиг хандлага өндөр түвшинд хүрсэн

Өөрөөр хэлбэл, үйлдвэрүүд хэрэглэсэн усаа урьдчилсан цэвэрлэх байгууламжаар цэвэрлээд төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх хэмжээнд хүртэл цэвэрлэсний дараа нийлүүлэх ёстой. Төв цэвэрлэх байгууламж энэ усыг хүлээн авч, цэвэрлээд хүрээлэн буй орчиндоо нийлүүлэхэд зөвшөөрөгдөх стандартын түвшинд цэвэрлэх ёстой байдаг. Гэтэл орж ирж байгаа ус маш их бохирдолтой байдаг учраас стандартын дагуу цэвэрлэж чаддаггүй. Цэвэрлэх байгууламжуудаас сайн ажиллаж байгаа нь Эрдэнэтийнх.

-Хамгийн их бохирдолтой ус нь арьс ширний үйлдвэрүүдээс гарч байгаа байх. Ямар стандарт мөрдөн ажиллаж байгаа юм бэ?

-Үйлдвэр аж ахуйн газрууд төвлөрсөн шугам сүлжээнд нийлүүлэх усны зөвшөөрөгдөх хэмжээ гэж бий. Гурван сайдын тушаалаар хамтарсан тушаал байдаг. Түүний дагуу бохир усаа нийлүүлэх ёстой. Арьс ширний үйлдвэрүүдээс гарч байгаа ус энэ стандартад нийцэхгүй байгаа учраас цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа доголдоод байгаа юм.  Гэхдээ ганц арьс ширний үйлдвэр биш л дээ. Нилээд олон үйлдвэрээс зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан ус нийлүүлэгддэг. Тэгэхээр Туул гол руу бохир ус нийлүүлж байгаагаас ус бохирдож энэ бохирдол одоогоор Төв аймгийн Лүн сумын орчимд хүрсэн гэсэн судалгаа ч байдаг.

-Гарах арга зам нь юу байна вэ. Бид байгаль дэлхийдээ бохир ус нийлүүлээд л байх уу?

-Гол нь хэрэглэсэн усаа сайн цэвэршүүлэх, үйлдвэр, аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлийн  процесс, гарч байгаа усныхаа найрлагад тохирсон цэвэрлэх байгууламийг хэрэглэх шаардлагатай. Ямар бохирдол гарч байна гэдгээс хамаарч цэвэрлэх байгууламжаа сонгох хэрэгтэй. Нэг цэвэрлэх байгууламж бүх төрлийг бохирдолд тохирно гэж байхгүй. Ахуйн бохир ус бол нэг төрөл байж болно. Энэ жил манай яамнаас санаачлан ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх хаягдал бохир усны стандартыг шинээр боловсруулж байна. Тун удахгүй хэлэлцүүлэг зохион байгуулна. Ер нь үйлдвэрүүд бохир усаа урьдчилан цэвэрлэх  шаардлагын түвшинд хүртэл цэвэрлээд түүний дараа төвлөрсөн шугам сүлжээнд нийлүүэх шаардлагатай байна. Тэгсэн цагт цэвэрлэх байгууламж жинхэнэ утгаараа ажиллаж чадна.

"Эмнэлгийн шингэн хаягдал буюу бохирдол, нян, бактери, вирусын халдвартай тусгай шингэн хаягдлыг хэрхэн цэвэрлэж байгааг судалсан"

- Үйлдвэрийн газруудад урьдчилан цэвэрлэх байгууламж бийболов уу?

-Зарим үйлдвэрүүдэд байна. Гэхдээ тэдгээрийн шаардлагын түвшинд ажилладаг техник технологитой нь бараг байхгүй. Сайн цэвэрлэгдээгүй ус нь төвийн цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг доголдуулсаар байгаа юм.

-Та саяхан Герман явж энэ төрлийн судалгаа хийгээд ирсэн. Тэнд байдал ямар байна вэ?

-Холбогдох мэргэжилтнүүдтэй хамтран ХБНГУ-д очиж, цэвэрлэх байгууламжийн техник технологийн асуудлыг судалсан.  “Intaqua” компани дээр очсон. Энэ нь нэлээд өндөр түвшний техник технологитой газар байна лээ. Технологийн хувьд дэлхийд тэргүүлэх "Seimens" компанитай хамтран ажилладаг. "Seimens" компани дээр ч энэ талаар очиж уулзсан. Бид эмнэлгийн шингэн хаягдал буюу бохирдол, нян, бактери, вирусын халдвартай тусгай шингэн хаягдлыг хэрхэн цэвэрлэж байгааг судалсан. 

Ультра болон нано мембран шүүлтүүрийг ашиглаж байна. Мөн хар ус гэгддэг жорлонгийн усыг эргүүлэн ашиглаж байгаатай танилцсан. Үнэхээр гайхалтай, өдөрт дунджаар 300 хүн үйлчлүүлдэг тэр метроны буудлын ариун цэврийн газраас 50-60 кг лаг л гардаг, түүнийг нь шатаадаг, бусад усыг эргүүлэн ашигладаг гэхээр маш их ус хэмнэж байгаа биз. Европын орнууд саарал, хар усаа эргүүлэн ашиглах талаар их анхаарч ажиллаж байгаа юм байна лээ. Мөн бие даасан хэрэглэгчийн бохир усыг цэвэршүүлэх техник технологи манайд бас их чухал. Энэ талаар бид бас судалсан.

-Тэр бүхнийг Монголдоо нийлүүлэх боломж хэр байна. Өртөг өндөртэй юм уу?

-“Вергман” компанийн бохир ус цэвэршүүлэх техник технологи нэвтрүүлэхэд илүү хялбар байгаа юм. Үүнийг Дархан-Уул аймгийн Орхон сумын цэцэрлэг дээр туршаад манай оронд ашиглах боломжтой гэж үзэж байна. Монгол оронд өвлийн улиралд хүйтэн байдгаас зарим технологиуд таардаггүй, таарсан ч зарим нь ажилладаггүй. Энэ технологи өвөл сайн ажилласан, мөн цэцэрлэг зургаан сард амраад эргээд есөн сард ажиллахад хэвийн ажилласан байна лээ.

Цэвэршүүлсэн усыг ногоон байгууламжийн усалгаанд ашиглах боломжтой. Хамгийн гол нь үйл ажиллагааны зардал бага байгаа юм. Үнийн хувьд ч боломжийн санагдсан. Мөн ногоон хөгжил рүү тэмүүлж байгаа өндөр хөгжилтэй орнууд хар, саарал гэсэн ус дахин ашиглах болсон. Ер нь цэвэрлэх байгууламжийн дэлхийн чиг хандлага өндөр түвшинд хүрсэн байна, судалгаа шинжилгээний ажлууд ч их хийгдэж байна.