С.Эрдэнэсайхан: Хэсгийн ахлагч нар айл өрхийн тарьсан модны тоо, төрөл зүйлийг бүртгэнэ

Д.Янжиндулам, ikon.mn
16 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн хэмжээнд энэ онд 66 га талбайд цэцэрлэгжүүлэлт, зүлэгжүүлэлт, 18 га талбайд тохижилтын ажил хийхээр төлөвлөж, төвийн зургаан дүүргийн ногоон байгууламжийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж эхэлжээ.

Энэ талаар Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Албаны(УБЗАА) Хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга С.Эрдэнэсайхан “УБЗАА-аас хэсгийн ахлагчид болон сургууль, цэцэрлэгийн ажилтан, СӨХ-ны албан хаагчдад зориулан ургамал, бут, сөөгийг хэрхэн тарих талаар сургалтыг үе шаттай зохион байгуулж байна. Сургалт дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

Сургалтад хамрагдсан ажилтан, албан хаагчид “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд идэвхтэй оролцохоос гадна тоон мэдээлэл, судалгааг нэгтгэж, бодлогын газар, хэлтсүүдэд дамжуулах чадвар эзэмшиж байна.

Хэсгийн ахлагч нар айл өрхтэй хамгийн ойр ажилладаг учраас өөрсдийн хариуцсан хэсгийн айл өрхийн тарьсан модны тоо, хэмжээ, төрөл зүйлийг ангилан бүртгэх юм. Өнөөдрийн байдлаар 1,000 гаруй хүн сургалтад хамрагдаад байна” гэж мэдээллээ.

ХААИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн багш доктор профессор П.Ариунсүрэн “Төвийн зургаан дүүргийг хамран зохион байгуулж буй энэ удаагийн сургалт нь ургамал ургалтын улирал эхэлж буйтай уялдсан, цаг үеэ олсон, үр өгөөж өндөртэй ажил болж байна.

Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх нь агаарын бохирдлыг бууруулах, хог хаягдлыг багасгах, эко орчныг бүрдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой. Сургалтын үр дүнд цаашид нийслэлийн ногоон байгууламж улам нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны 8-р хэсгийн ахлагч Ж.Бадам “Өмнө нь мод тарьж байсан ч хөрсийг хэрхэн зөв бэлтгэх, бордоог хэрхэн зохистой хэрэглэх, ургамалд шаардлагатай шим тэжээлийг яаж өгөх талаар мэдлэг төдийлөн хангалттай байгаагүй. Энэ сургалтад хамрагдсанаар хоол хүнсний үлдэгдлийг хүртэл хаялгүй бордоо болгох, ногоон байгууламж байгуулахдаа үрсэлгээ хоорондын зайг хэрхэн зөв тарих зэрэг олон хэрэгтэй мэдлэг, арга олж авч байна.

Мөн айл өрх бүр өөрийн хашаа, орчиндоо боломжийнхоо хэрээр мод, цэцэг, ургамал тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхийг уриалж байна" хэмээн ярилаа.

Иргэдээс НЗДТГ-т нийтийн эзэмшлийн талбайн тохижилт, үйлчилгээтэй холбоотой гомдол их ирдэг байна.