Нийслэлийн есөн дүүргийн 1,910 хэсгийн ахлагчийн сар бүрийн урамшууллыг дөрөвдүгээр сарын 1-нээс ₮1.2 сая болгож, нэмэгдүүллээ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 3 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

НИТХ-аар нийслэлийн есөн дүүргийн хэсгийн ахлагч нарын сар бүрийн урамшуулал нэг сая төгрөгийг ₮200 мянгаар нэмэгдүүлэх асуудлыг өнөөдөр/2025.03.25/ хэлэлцэж баталлаа.

Энэ тухай НЗДТГ-ын дарга Д.Амгалан "2002 оны нэгдүгээр сарын 1-нээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд нийслэлийн хороод нь хэсгийн зохион байгуулалттай байна, хэсгийг дүүргийн ИТХ-аас тогтооно, хорооны засаг дарга томилох бүрэн эрхтэй байхаар зохицуулалт орсон. Энэ дагуу хороодод хэсгийн ахлагч нар ажиллаж байна. Хэсгийн ахлагч нар 2022 онд НИТХ-аас баталсан "Хорооны хэсгийн ахлагчийн ажиллах нийтлэг журам"-ын хүрээнд нэлээн олон үүрэг хариуцлагыг хүлээж, тодорхой хэмжээний эрхийг хэрэгжүүлдэг.

Журмын дагуу хэсгийн ахлагч цалин авдаггүй, урамшуулал авдаг. Өнөөдөр хэсгийн ахлагч нарын энэхүү урамшууллын хэмжээг 20%-аар нэмэгдүүлэх саналыг танилцуулж байна.

Энэ санал нь 2025 оны нийслэлийн төсвийн нөөц бололцоонд тулгуурласан. Хэсгийн халагч нь хороонд ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагч буюу захиргааны албан хаагчаас өндөр цалин авч болохгүй гэсэн зарчмыг баримталж тогтоолын төслийг боловсруулсан. 

Хэсгийн ахлагчийн компьютер, техник тоног төхөөрөмж, сургалтын асуудлыг дүүргийн ЗДТГ хариуцдаг" гэв.

Нийслэлийн төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ү.Ганболд "Өнөөдрийн байдлаар нийслэлийн 204 хороонд нийт 1,900 орчим хэсгийн ахлагч ажиллаж байна. Хэсгийн ахлагч нарын 60% эмэгтэй, 70 орчим хувь нь дээд боловсролтой, залуучууд.

Тэдний харилцаа хандлагыг дээшлүүлэх чиглэлээр 2016 оноос хойш сургалтыг зохион байгуулдаг. Хэсгийн ахлагч нар дөрвөн жилийн хугацаагаар томилогддог" гэсэн мэдээллийг өгсөн юм.

Төлөөлөгч Т.Батцогт "Нийслэлийн есөн дүүргийн 204 хороонд 1,910 хэсгийн ахлагч ажилладаг. Монгол Улсын нэг ч гэсэн иргэн тодорхой хэмжээний урамшуулал авч амьдрал ахуйгаа дээшлүүлэх ажлын байр нэмэгдэж байгаа. Журмаараа хэсгийн ахлагч нар гэрээт албан хаагч гэж явдаг болохоор цалин, дэмжлэг байхгүй. Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхийн тулд хэсгийн ахлагч нарыг ажиллуулахаас өөр аргагүй. Хэсгийн ахлагч нарыг төрийн үйлчилгээний хэлбэрт оруулан ажлын байрны үүрэг, шаардлагыг тодорхой болгож ээлжийн амралт авах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй.

Хорооны засаг дарга эргэн тойрны хүрээллийн хүмүүсийг хэсгийн ахлагчаар томилчихдог. Хэсгийн ахлагч ажиллуулаагүй мөртөө хиймэл нэр дээр мөнгө авсан асуудал хуулийн байгууллагаар тогтоогдож байсан. Энэ асуудлыг гаргахгүйн тулд төрийн үйлчилгээний хэлбэрт оруулмаар байгаа юм.

1,910 хэсгийн ахлагчийн ажлыг хянаж чадаж байгаа юу. Тухайлбал метро төслийн ТЭЗҮ-ийг өнөөдөр НИТХ баталлаа. Энэхүү батлагдсан ТЭЗҮ-ийн танилцуулга брошурыг хэсгийн ахлагч нарт өгч, тэд иргэдэд хүргэх ёстой юм.

2025 оны нийслэлийн төсвөөс дүүргүүдэд нийт 25.1 тэрбум төгрөгийг хуваарилсан байна. Хэсгийн ахлагч нарын сар бүрийн 1,000,000 төгрөгийн урамшууллыг 200,000-аар нэмэгдүүлэхэд 3.8 тэрбум төгрөг болж байгаа нь гурван их наядын төсөвтэй нийслэлд өндөр ачаалал гэж харахгүй байгаа" гэв.

НИТХ-ын төлөөлөгчид саналаа хэлж, хорооны хэсгийн ахлагч нарын сар бүрийн урамшууллын хэмжээг 1,200,000 төгрөг болгон шинэчлэн тогтоох тогтоолын төслийг батлав. Тогтоолыг 2025 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр тусгажээ.

Хэсгийн ахлагч нарын сар бүрийн урамшууллын зардлыг жил бүрийн нийслэлийн төсөвт тусгахыг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарт үүрэг болгов.

Харин өнөөдрийн хуралдаанаар "Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын өрхөд цахилгаан халаагуур болон бүх төрлийн хийн түлшээр ажилладаг төхөөрөмж суурилуулах, түүний хэрэглээнд үнийн урамшуулал олгох журам"-ыг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч ээлжит бус V хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг буюу 2025 оны гуравдугаар сарын 28-нд болгож, хойшлууллаа.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
36
Зураг
ТЭНЭГЛЭЛ
5
Зураг
БУРУУ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
18 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг