Өнгөрсөн амралтын өдрүүдэд халуун дулаан уур амьсгалтай АНУ-ын өмнөд мужуудыг хүйтэн агаарын урсгал дайрч, их хэмжээний цас оржээ.
Хамгийн их цас Умард Каролина мужид бүртгэгдсэн байна. Ердийн үед өндөр уулын оройгоос бусад газарт цас ордоггүй энэ мужийн Лексингтон хотод өчигдөр цасны зузаан 40 см хүрсэн бол Уолнат уулсын дунд байрладаг Фауст хотод 56 см хүрчээ.
Бямба, Ням гарагуудад зам тээврийн 1,000 гаруй осол гарч, хоёр хүн амиа алдсаныг тус мужийн захирагч Жош Штайн өчигдөр мэдээлээд иргэдэд замын хөдөлгөөнд оролцохгүй байх, хөлдөлт, осголтын шинж тэмдгүүдийг мэдэж байхыг зөвлөсөн байна.
Үүнээс долоо хоногийн өмнө АНУ-ын өргөн уудам газар нутгийг хамарсан хүчтэй цасан шуурганы улмаас 100 гаруй хүний амь үрэгдэж, олон мянган нислэг цуцлагдаж байв.
Умард ба Өмнөд Каролина, Жоржиа, Теннеси, Кентаки мужууд болон Виржиниа мужийн өмнөд хэсэгт цас орсон бол Флорида мужид цас ороогүй ч агаарын температур урьд өмнө байгаагүй хэмжээнд буурсан байна.
Тухайлбал Орландо хотод Цельсийн -4 хэм хүрсэн нь 1923 оноос хойш тохиолдоогүй үзэгдэл болжээ.
Ердийн жилүүдийн энэ үед тус хотод агаарын температур Цельсийн нэмэх 12-оос 23 хэмийн хооронд хэлбэлздэг юм.
Ер бусын хүйтрэлтэй холбоотой Ням гарагийн өглөө бээрсэн Игуана гүрвэлүүд модноос “бороо шиг асгарч” байсныг Майами хотод төвтэй WPLG 10 телевизийн суваг мэдээлжээ.
Хүйтэн цустай энэ амьтныг хамгаалах үйл ажиллагаа явуулдаг Iguana Solutions байгууллагын тэргүүн Жессика Килгоре энэ удаагийн хүйтрэлийн үеэр үхсэн, амьд нийлээд хэдэн зуун килограмм гүрвэл цуглуулснаа ярьсан байна.
Амралтын өдрүүдийг дайрсан цасан шуурганы улмаас АНУ-ын өмнөд мужуудад 800 гаруй нислэг цуцлагдаж, 158,000 орчим хүн гэрэл цахилгаангүй болжээ.
Агаарын хүйтэн урсгал ойрын өдрүүдэд АНУ-ын зүүн эрэгт хүрч, цаашлаад Атлантын далайд шилжих төлөвтэй байна.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!