Өмнөд Солонгосын засгийн газрын ёс зүйн хороо өнөөдөр тус улсын төрийн өндөр албан тушаал хашдаг 362 хүний хувийн хөрөнгийн мэдүүлгийг нийтэд ил болгожээ.
Ингэхэд тус улсаас Хятад улсад томилогдсон элчин сайд хөрөнгийн хэмжээгээр жагсаалтыг тэргүүлсэн байна.
Элчин сайд Ро Жэ Хуны нийт хөрөнгийн хэмжээ 53 тэрбум вон ($34.8 сая), үүний 13.2 тэрбум нь үл хөдлөх хөрөнгө, 21.3 тэрбум нь үнэт цаас хэлбэртэй байжээ.
Дээрх жагсаалтад өнгөрсөн оны долдугаар сараас арваннэгдүгээр сарын хооронд төрийн өндөр албан тушаалд томилогдсон хүмүүсийн мэдүүлэг багтсан юм байна.
Ерөнхийлөгч агсан Ро Тэ Угийн хүү Ро Жэ Хун аравдугаар сард Бээжинд суух элчин сайдаар томилогдсон юм байна.
Жагсаалтын хоёрдугаарт Санхүүгийн Хяналтын Албаны захирал И Чан Жин нийт 38.4 тэрбум воны хөрөнгөөр эрэмбэлэгджээ.
Түүний хөрөнгийн 31 тэрбум нь банкны хадгаламж, 2.95 тэрбум нь үл хөдлөх хөрөнгө юм байна.
Тэрбээр Өмнөд Солонгосын хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй компаниудын нийт 1.36 тэрбумын үнэт цаас эзэмшдэг байснаа наймдугаар сард албан тушаалд томилогдохдоо бүгдийг нь зарж, бэлэн мөнгө болгож байжээ.
Энэ удаа Өмнөд Солонгосын соёлын сайд Чэ Хүи Юн нийт 23.8 тэрбум вон, жижиг дунд үйлдвэр, стартапыг дэмжих яамны сайд Хан Сон Сүк нийт 22.1 тэрбум воны хөрөнгө мэдүүлсэн байна.
Хан Сон Сүк томилогдохоосоо өмнө Naver онлайн порталын гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ.
Өмнөд Солонгосын төрийн албан хаагчдын хувийн хөрөнгийн мэдээлэл сар бүрийн эцэст шинэчлэгдэн нийтлэгддэг байх хуультай. Энэ удаагийн тайлан хугацаанаасаа дөрвөн сараар хоцорсон нь есдүгээр сард тус улсын төрийн эзэмшлийн дата төвд гал түймэр гарсантай холбоотой юм байна.
Эх сурвалж: Yonhap News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!