Уншиж байна ...

Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан авлигын хэрэгтээ 20 сарын хорих ял сонслоо

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Сөүл хотын шүүх Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асныг Эв Нэгдлийн Сүм шашны байгууллагаас хээл хахууль авсан хэрэгт буруутгаж, 20 сарын хорих ял оноожээ.

Гэхдээ хувьцааны хууль бус арилжаанаас ашиг олсон, 2022 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө олон нийтийн санал асуулгын үр дүнг үнэ төлбөргүй авч, улс төрийн санхүүжилтийн тухай хуулийг зөрчсөн гэх хоёр хэргийг нь цагаатгасан байна.

Дээр дурдсан сонгуульд түүний нөхөр Юн Сүк Ёл ялж байсан юм.

Юн 2024 оны сүүлээр улс орондоо цэргийн дэглэм тогтоохыг завдсан хэргийнхээ эхний шүүх хурлаас таван жилийн хорих ял сонсоод байгаа.

52 настай Ким Кён Хийг өчигдөр шүүх гэмт хэрэгт буруутгаснаар тэд Өмнөд Солонгосын түүхэнд хоёул яллагдсан анхны ерөнхийлөгчийн гэр бүлийн хос болж байна.

Сөүлийн Төв Тойргийн Шүүхийн шүүгч У Ин Сун тэргүүн хатагтай асныг “албан тушаалаа хувийн ашиг хонжоо хайх хэрэгсэл болгон урвуулан ашигласан” гэж дүгнэжээ.

“Албан тушаал өндөр байх тусмаа ийм үйлдлээс ухамсартайгаар зайлсхийдэг байх ёстой. Шүүгдэгч үүнийг үл тоомсорлосон бөгөөд өөрийн хувийн эрх ашгийг дээгүүр тавьсан байна” гэж шүүгч цааш нь дүгнэлтээ уншсан юм.

Шийдвэр гарсны дараа Ким Кён Хи “Би шүүхийн хатуу сануулгыг анхааралтай сонсож, ач холбогдлыг нь нухацтай авч үзэх болно. Дахин хэлэхэд би бусдын санааг зовоосон асуудлынхаа төлөө хүн бүрээс уучлал гуйж байна” гэж мэдэгджээ.

Тэрбээр өмнө нь бүх буруутгалыг үгүйсгэж байсан юм.

Тусгай прокурорын баг тэргүүн хатагтай асан 2022 оны дөрөвдүгээр сараас долдугаар сарын хооронд бизнесийн ашиг сонирхлыг нь дэмжих амлалтынхаа хариуд Эв Нэгдлийн Сүмээс 80 сая воны ($56,000) үнэ бүхий бэлэг авсныг тогтоожээ.

Үүнд Graff брэндийн хүзүүний алмаазан зүүлт, хэд хэдэн Chanel цүнх багтаж байсан байна.

Прокурорын баг тэргүүн хатагтай асныг бүх гурван хэрэгт буруутгаж, 15 жилийн хорих ял, хоёр тэрбум воны торгуулийн шийтгэл оноох хүсэлтийг шүүхэд гаргаад байсан юм.

Харин шүүх эдгээрээс зөвхөн нэг хэрэгт нь шийтгэл оноож, үлдсэн хоёрыг нь “гэмт хэргийн ноцтой бүрдэлгүй” гэж үзээд цагаатгажээ.

Гэхдээ тэргүүн хатагтай аснаар 12.85 сая вон төлүүлэх, бэлэгт авсан хүзүүний алмаазан зүүлтийг нь буцааж өгүүлэхээр болсон байна.

Одоо тэргүүн хатагтай асныг өөр хоёр хэргийн шүүх хурал хүлээж байгаа. Тэдгээрийн нэг нь Ард Түмний Хүч консерватив намд Эв Нэгдлийн Сүмийн гишүүдийг бөөнөөр элсүүлэх ажилд оролцсон, нөгөө нь засгийн газрын өндөр албан тушаалд бусдыг томилуулахын тулд хээл хахууль авсан гэх хэргүүд юм.

Ким Кён Хи өнгөрсөн оны наймдугаар сараас хойш хоригдож байгаа.

Түүний хэргийг мөрдөн шалгах явцад Эв Нэгдлийн Сүм шашны байгууллагын тэргүүн Хан Хак Жаг бас баривчилсан юм.

Эрүүгийн хэргүүдээс гадна тэргүүн хатагтай асан өөр бусад маргаантай асуудлуудад нэр холбогдож байв.

Тухайлбал өнгөрсөн онд магистрын диссертацаа бусдаас хуулбарласныг нь тогтоосны дараа Сүкмёнгийн Эмэгтэйчүүдийн Их сургууль түүний 1999 онд авсан боловсролын зэргийг хүчингүй болгосон юм.

 

Эх сурвалж: BBC