Уншиж байна ...

Өвлийн олимпын наадамд АНУ цагаачлалын албаны агентуудаа илгээхээр болсныг Италийн зохион байгуулагчид эсэргүүцэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Хоёрдугаар сарын 6-нд Өвлийн олимпын наадам Итали улсад эхлэх гэж байна.

Гэтэл АНУ-ын засаг захиргаа уг арга хэмжээнд оролцох өөрийн төлөөлөгчийн аюулгүй байдлыг хангахын тулд цагаачлалын албаны агентуудаа илгээхээр болсон нь хоёр улсын хооронд маргаан үүсгэжээ.

Трампын тушаалаар цагаачлалын албаныхан одоо АНУ-ын зарим мужуудад хууль бус гадаадын иргэдийн эсрэг баривчлах ажиллагаа явуулж байгаа бөгөөд саяхан Миннеаполис хотод тэдний түрэмгий үйлдлийг эсэргүүцсэн хоёр ч иргэнийг буудан хороосон юм.

Цагаачлалын албаны агентууд ирэхээр болсныг АНУ-ын засаг захиргааны хэд хэдэн яамнаас авсан мэдээллээр баталгаажуулсныхаа дараа Милан хотын захирагч Беппе Сала “Энэ бол хүн алдаг зэвсэгт бүлэглэл…мэдээж тэднийг Милан хот хүлээж авахгүй” гэж Италийн радиогоор ярьжээ.

Үүссэн хурцадмал байдлыг намжаахыг хичээсэн Италийн гадаад хэргийн сайд Антонио Таяни сүүлд сэтгүүлчидтэй уулзахдаа “энэ бол (Нацист) ЭсЭсийнхэн ирж байгаатай адилгүй” гэж хэлсэн байна.

Тэр энэ үгээ Холокостын дурсгалын өдрийг тохиолдуулсан арга хэмжээний үеэр хэлсэн юм. Уг арга хэмжээнд Холокостоос амьд үлдсэн жүүдүүдийн сүүлчийн гурван хүн оролцсон байна.

АНУ-ын дотоод хэргийн яам гадаадад болох томоохон арга хэмжээнүүдэд өөрийн захиргаанд байдаг агентлагуудын хууль сахиулагчдыг аюулгүй байдлыг хангах зорилгоор илгээх явдал түгээмэл байдаг.

Гэхдээ энэ жилийн хувьд ICE (Immigration and Customs Enforcement) гэгддэг цагаачлалын албаны түрэмгий үйл ажиллагаа америкчууд төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа. Мөн тэднийг урьд өмнө нь ийм арга хэмжээнүүдэд ашиглаж байсан эсэх тодорхойгүй байна.

Гадаад хэргийн сайд Таяни өчигдөр ярихдаа Италийн гудамж талбайнуудад ICE агентлагийн ганц ч албан хаагч харагдахгүй, бүх аюулгүй байдлыг өөрийнх нь цагдаа, Карабинери дотоодын цэргийн алба хаагчид хангахыг амлажээ.

АНУ-ын дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Триша Маклафлин мэдээж ICE агентууд гадаад улсад цагаачдын эсрэг ямар нэг ажиллагаа явуулахгүй бөгөөд зөвхөн Италийн эрх баригчдын удирдлага дор олимпын наадмын аюулгүй байдлыг хангаж ажиллахыг мэдэгдсэн байна.

Таяни сайд тэднийг Миннеаполист ажилладаг шигээ автомат буутай, нүүрээ халхалсан багтай ирэхгүйг бас сэтгүүлчдэд хэлжээ.

Нэгдүгээр сарын 7-ний өдөр ICE агентууд Миннеаполис хотын гудамжинд Рене Гүүд хэмээх эмэгтэйг буудаж алсан нь АНУ даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөхөд хүргэсэн юм.

Өнгөрсөн Бямба гарагт тэд бас Алекс Претти хэмээх залууг буудаж хөнөөсөн нь нөхцөл байдлыг улам хурцатгаад байгаа.

Энэ үед ICE агентлагийн явуулж буй ажиллагааг сурвалжилж байсан Италийн олон нийтийн телевизийн Rai сувгийн хоёр сэтгүүлчийг тус агентлагийн албан тушаалтнууд айлган сүрдүүлж байв.

Ерөнхийлөгч Трамп үүссэн нөхцөл байдлыг намжаахын тулд Миннеаполисын ажиллагааг удирдаж байсан зарим албан тушаалтнуудыг эгүүлэн татаж, арга тактикаа өөрчилсөн юм.

 

Эх сурвалж: BBC