Уншиж байна ...

Мексикийн ерөнхийлөгч BTS хамтлагийн концертын тоог нэмэхийг Өмнөд Солонгосын ерөнхийлөгчөөс хүсэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 цаг 13 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Хамгийн алдартай к-поп хөвгүүдийн хамтлаг BTS гурван жил орчим хугацаанд завсарласны эцэст энэ онд дахин нэгдэхдээ дэлхийг тойрсон аялан тоглолт зохион байгуулахаар болсон билээ.

Тус хамтлагийн долоон гишүүн Өмнөд Солонгосын хуулийн дагуу цэргийн алба заавал хаах шаардлагаар 2022 онд уран бүтээлээ түр завсарласан юм.

BTS хамтлагийн шинэ цомог “Arirang” гуравдугаар сард худалдаанд гарна. Харин аялан тоглолт нь дөрөвдүгээр сарын 9-нд Өмнөд Солонгосын Гоян хотод эхлэх юм.

Тэгвэл концертыг нь үзэх хүсэлтэй хүмүүсийн асар өндөр эрэлт байгаатай холбогдуулан Мексик улсын ерөнхийлөгч Клаудиа Шэйнбаум тус улсад тоглох концертын тоог нэмүүлэх асуудлаар Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Жэ Мюнд хандан дипломат шугамаар захидал бичжээ.

“Хүн бүр энэ тоглолтыг үзэхийг хүсэж байна. Ойролцоогоор нэг сая хүн тасалбар авахыг хүсэж байгаа ч ердөө 150,000 тасалбар байна” гэж тэр Даваа гарагийн өглөө болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна.

BTS хамтлаг Мексикт тавдугаар сарын 7-ноос 10-ны хооронд ердөө гуравхан тоглолт төлөвлөсөн нь бүгд Мехико хотын GNP Seguros цэнгэлдэх хүрээлэнд болох юм.

Мексикт тасалбар олж авах маш хэцүү болж, авч чадаагүй олон мянган хүн хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллагад гомдол гаргасан байна.

Үүний улмаас тус улсын холбогдох хяналтын байгууллага онлайн тасалбар борлуулалтын Ticketmaster компанид шалгалт оруулжээ.

Ticketmaster платформд VIP тасалбарын үнэ 1,800 песогоос 17,800 песо хүртэл (ойролцоогоор $100-$1,030) үнэтэй байсан бол дахин борлуулалтын платформууд дээр Даваа гарагийн байдлаар 11,300-92,000 песо ($5,300 хүртэл) үнээр зарагдаж байв.

 

Эх сурвалж: Reuters