Уншиж байна ...

Өмнөд Солонгос улс 2038 он гэхэд цөмийн хоёр реактор шинээр байгуулах төлөвлөгөөг баталжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
55 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгос улс 2038 оноос өмнө цөмийн хоёр шинэ реактор ашиглалтад оруулахаар болсныг тус улсын уур амьсгалын сайд өнөөдөр өглөө мэдээлжээ.

Тус улсын эрчим хүчний салбарын 2040 он хүртэлх 12 дугаар үндсэн төлөвлөгөөний талаар зохион байгуулагдсан хэвлэлийн хурлын үеэр уур амьсгалын сайд Ким Сон Ван энэ шийдвэрийг танилцуулсан юм.

“Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхийн тулд бүх салбарт нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах ёстой бөгөөд эрчим хүчний салбарт үүнийг хэрэгжүүлэхийн тулд нүүрс, шингэрүүлсэн хийн үйлдвэрлэлийг бууруулах шаардлагатай. Тиймээс бидэнд сэргээгдэх эрчим хүч, цөмийн эрчим хүчний системийг өргөжүүлэх шаардлага байна” гэж сайд хэлжээ.

Өнгөрсөн долоо хоногт засгийн газрын захиалгаар явуулсан олон нийтийн хоёр санал асуулгын үр дүнг танилцуулахад оролцогчдын 80 хувь нь цөмийн эрчим хүч хэрэглэх шаардлагатай гэж үзсэн бол 60 хувь нь нэмэлт реактор байгуулах төлөвлөгөөг дэмжиж байгаа нь харагдсан юм.

Төлөвлөгөөний дагуу төрийн өмчит Солонгосын Ус болон Цөмийн Эрчим Хүчний компани (KHNP) хоёр шинэ реакторыг нутаг дэвсгэрт нь байгуулах хот, суурин газруудыг шалгаруулах ажлыг эхлүүлэхээр болжээ.

Тус компани цөмийн аюулгүй байдлыг хянах байгууллагын зөвшөөрлийг 2031 онд авч, барилга угсралтыг 2037-2038 онуудад дуусгахаар төлөвлөсөн байна.

12 дугаар үндсэн төлөвлөгөөнд бас хиймэл оюуны салбарын өсөлт, цахилгаан тээврийн хэрэгслийн өргөжилтөөс үүдэлтэй цахилгаан эрчим хүчний эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаатай холбоотой хариу арга хэмжээнүүд багтсаныг Ким сайд мэдээлжээ.

Үүнээс гадна 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг саармагжуулахад чиглэсэн холимог эрчим хүчний стратеги бодлогыг төлөвлөгөөнд багтаасан гэнэ.

 

Эх сурвалж: Yonhap News