Италийн домогт загвар зохион бүтээгч Валентино 93 насандаа Ром хот дахь гэртээ таалал төгссөнийг түүний үүсгэн байгуулсан сан Даваа гарагт мэдэгджээ.
Валентино Гаравани нь ихэвчлэн “Валентиногийн улаан” гэж нэрлэгддэг өнгөтэй тансаг даашинзууд урладаг байсан нь дэлхийн хувцас загварын ертөнцөд бараг хагас зууны турш гол сэдэв болж байв.
“Валентино Гаравани бол бид бүгдийн байнгын хөтөч, урам зориг төдийгүй гэрэл гэгээ, бүтээлч сэтгэлгээ, алсын харааны жинхэнэ эх сурвалж болж байсан юм” гэж түүний сангийн мэдэгдэлд өгүүлжээ.
Нэрт загвар зохион бүтээгч агсны шарилыг Лхагва, Пүрэв гарагуудад Ром хот дахь Валентино сангийн төв байранд байрлуулж, оршуулгыг Баасан гарагт Ром хотын Бүгд Найрамдах Улсын талбайд оршдог Санта Мариа дэли Анжели э де Мартини цогчин дуганд зохион байгуулахаар болсон байна.
Валентино нь Жэклин Кеннеди Онассис, Сара Жессика Паркер, Жулиа Робертс, Йорданы хатан Раниа зэрэг үе үеийн дээдэс, тэргүүн хатагтай нар, кино оддыг хувцаслаж байсан юм.
“Би эмэгтэй хүн юу хүсдэгийг мэддэг. Тэд үзэсгэлэнтэй байхыг хүсдэг юм” гэж Валентино нэг удаа хэлж байв.
1960-аад оноос 2008 онд тэтгэвэртээ гарах хүртэл бараг хагас зуун жил үргэлжилсэн уран бүтээлийнхээ замналын турш тэр хэд хэдэн удаа алдаа гаргаж байсан гэдэг.
Тиймээс дахин алдаа гаргахгүй гэсэн хүсэл эрмэлзэл, нягт нямбай ажиллагаа нь түүнийг улаан хивсэн дээр алхдаг А зэрэглэлийн алдартнуудын өмсгөлийг урладаг хүн болгосон байна.
Валентиногийн даашинзууд маш олон Оскарын шагнал гардуулах ёслолыг чимж байлаа.
Тухайлбал 2001 онд Жулиа Робертс шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг хүртэхдээ түүний уламжлалт загварын хар, цагаан хосолсон даашинзыг өмсөж байв.
Кэйт Бланшет 2004 онд Оскарын шилдэг эмэгтэй туслах дүрийн шагнал хүртэхдээ Валентиногийн нэг мөртэй шаргал торгон даашинзаар гоёж байжээ.
Тэр бас 1968 онд АНУ-ын экс тэргүүн хатагтай Жэклин Кеннедийг Грекийн бизнесийн магнат Аристотель Онассистай гэрлэхэд хуримын даашинзыг нь урлаж байв. Кеннеди, Валентино нар олон жилийн турш дотно найзууд байсан бөгөөд тэргүүн хатагтай асан амьдралынхаа турш бараг зөвхөн Валентиногийн даашинзыг өмссөн гэдэг.
Тэр бас Уэльсийн гүнж Дианатай дотно байж, хувцсыг нь урладаг байжээ.
Үргэлж дэгжин хувцасладаг Валентино хувийн нисэх онгоц, 46 метр урт дарвуулт завь, Пикассо, Миро зэрэг зураачдын бүтээлийн цуглуулга, Парисын ойролцоох 17 дугаар зууны шилтгээнийг эзэмшдэг байв.
Уг шилтгээнийх нь цэцэрлэгт сая гаруй сарнай ургадаг гэсэн мэдээлэл бий.
Валентино, түүний урт хугацааны хамтрагч Жанкарло Жаметти нар Нью-Йорк, Лондон, Ром, Капри, Швейцарийн Гштаад дахь хувийн эдлэнгүүддээ ээлжлэн амьдардаг байжээ.
Тэрбээр 1932 оны тавдугаар сарын 11-ний өдөр Италийн хойд бүсийн Вогера хотын чинээлэг гэр бүлд мэндэлж байв.
Багаасаа кино урлагт дурласан нь түүнийг хувцас загварын замд хөтөлсөн гэдэг.
“Би кино урлагт дуртай, гоо үзэсгэлэнд дуртай, кино оддын гайхалтай сайхан хувцасласан, үргэлж төгс байхыг харах дуртай байсан” гэж тэр 2007 онд хэвлэлд ярьж байжээ.
Милан, Парист хувцас загварын чиглэлээр суралцсаныхаа дараа Валентино 1950-аад оны ихэнх хугацааг Парисын нэртэй дизайнер Жан Дессе, дараа нь Гай Ларошийн удирдлага дор ажиллаж байгаад сүүлд бие даасан юм.
Тэрбээр 1959 онд Ром хотын Виа Кондотти гудамжинд Валентиногийн ордныг байгуулжээ.
Эхнээсээ Жаметти түүний дэргэд байж, бизнесийн харилцааг нь хариуцаж байсан бол Валентино өөрийн төрөлхийн сэтгэл татам чанарыг ашиглан баячууд, алдартнуудын дунд хэрэглэгчдийн баазыг бий болгож байв.
Тэд үүсгэн байгуулсан брэндээ 1998 онд Италийн нэг хөрөнгө оруулалтын компанид ойролцоогоор $300 саяар зарж байжээ.
Валентино үүнээс хойш дахин арван жил брэндийнхээ загвар зохион бүтээгчийн албан тушаалыг хашаад 2008 онд тэтгэвэртээ гарсан юм.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!