Ням гарагт Испани улсын өмнөд бүс нутагт өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөн томоохон осол гарсны улмаас 21 хүн амиа алджээ.
Өмнөд эргийн Малага хотоос нийслэл Мадрид хотын чиглэлд зорчиж байсан галт тэрэг Адамуз хотын ойролцоо замаасаа гарч, зэргэлдээ замаар зорчиж байсан өөр галт тэргийг мөргөж, замаас нь гаргасан тухай эрх баригчид мэдээлсэн байна.
25 хүн маш хүнд бэртсэнийг явуулын эрчимт эмчилгээний таван нэгжид хуваарилан эмчилж байгааг Адамузын онцгой байдлын газар мэдээлжээ.
Тэдний зорилго бэртсэн хүмүүсийн биеийн байдлыг эмнэлэгт хүргэхээс өмнө тогтворжуулах юм байна.
Ослын улмаас Андалуз мужийн Кордоба, Севилья, Малага, Уэлва хотуудаас Мадрид хүрэх төмөр замын чиглэлүүдийг түр зогсоожээ. Тээврийн тасалдал хамгийн богинодоо Даваа гарагийг дуустал үргэлжлэх төлөвтэй байгааг Испанийн төмөр замын удирдах газар ADIF мэдээлсэн байна.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!