Уншиж байна ...

Япон, Өмнөд Солонгосын удирдагчид бөмбөрийн халз тулаанаар уулзалтаа өндөрлүүлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Зүүн Азийн хүчирхэг хоёр улсын удирдагч нар бөмбөрийн халз тулаан хийсэн нь интернэтэд дуулиан дэгдээгээд байна.

Япон улсад хийсэн Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн айлчлалын төгсгөлд энэхүү албан бус арга хэмжээ зохион байгуулагджээ.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Жэ Мюн, Японы ерөнхий сайд Санае Такаичи нар энэ үеэр бөмбөрөөр BTS хамтлагийн “Dynamite”, “Kpop Demon Hunters” киноны “Golden” дууны аяыг тоглосон нь хоёр улсын найрсаг харилцааны илэрхийлэл болсон юм.

Такаичи олон жилийн өмнө хүнд металл хамтлагийн бөмбөрчин байсан гэдэг.

И Жэ Мюн өөрийн үзүүлбэрийг “бага зэрэг болхи” гэж тодорхойлжээ.

Такаичигийн төрсөн хот Нарад зочлохдоо И Жэ Мюн ерөнхий сайдад иж бүрэн бөмбөрийн багц бэлэглэсэн байна. Хамтарсан тоглолтынхоо дараа тэд гарын үсэгтэй бөмбөрийн цохиур харилцан солилцжээ.

“Өнгөрсөн онд АПЕК-ийн чуулганы үеэр тэр надад бөмбөр тоглох нь миний мөрөөдөл гэж хэлж байсан тул би гэнэтийн бэлэг бэлдсэн юм” гэж сүүлд Такаичи сошиал хуудсандаа бичсэн байна.

Хоёр хөрш улсын хооронд Японы колоничлолын үеийн ээдрээтэй түүх, газар нутгийн маргаан зэрэг зөрчил олон жилийн өмнөөс байсаар ирсэн юм.

Гэхдээ тэд аль аль нь АНУ-ын холбоотон бөгөөд Хятадын өсөн нэмэгдэж буй аюул занал тэднийг нэгтгэж байгаа.

Мягмар гарагт гаргасан мэдэгдэлдээ Такаичи “бүс нутгийн стратегийн орчинд хурцадмал байдал нэмэгдэж байгаа” тул Япон, Өмнөд Солонгос, АНУ-ын хамтын ажиллагаа улам бүр чухал болж буйг онцолсон юм.

И Жэ Мюн, Такаичи нар бас энэ удаагийн уулзалтаараа эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсон байна.

Өнгөрсөн оны зургаадугаар сард тангараг өргөсөн И Жэ Мюн хөрш орнуудтайгаа найрсаг харилцаа хөгжүүлэхийг эрмэлзэж байгаа.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч хэдхэн хоногийн өмнө Бээжинд Хятадын удирдагч Ши Жиньпинтэй гар утсаар сэлфи зураг авсан нь бас дуулиан тарьж байлаа.

Өнгөрсөн аравдугаар сард тэр айлчлан ирсэн АНУ-ын ерөнхийлөгчид Солонгосын хааны алтан титмийн загварыг бэлэглэж байв.

Гэвч И Жэ Мюн өөрийн хойд хөрш Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны эвийг олж чадахгүй байгаа.

Тэрбээр хоёр Солонгосын харилцааг сайжруулах санаачилга гаргасныг Пёнян хүлээж авахаас эрс татгалзсан юм. Өнгөрсөн долоо хоногт Умард Солонгосын эрх баригчид нутаг дэвсгэрт нь нисгэгчгүй онгоц нэвтрүүлсэн хэрэгт Өмнөд Солонгосыг буруутгаад байгаа.

И Жэ Мюн сошиал хуудсандаа Такаичигийн бөмбөрийн ур чадварыг магтаад хоёр улсын дипломат харилцааны хүчин чармайлтыг уг хамтарсан тоглолттой зүйрлэжээ.

“Бидний хэмнэл өөр өөр байсан ч хэмнэлээ нэгтгэх гэсэн зорилго маань нэг байлаа. Энэ үзэл баримтлалаар бид Солонгос-Японы ирээдүйд чиглэсэн харилцааг нэг зүрх сэтгэлээр үргэлжлүүлэн хөгжүүлэх болно” гэж тэр бичсэн байна.

Эх сурвалж: BBC