Өмнөд Солонгосын тэргүүлэгч К-поп хамтлагуудын нэг BTS дөрвөн жил завсарласны дараа дахин нэгдэхдээ дэлхий даяар томоохон аялан тоглолт зохион байгуулах төлөвлөгөөг өчигдөр зарлажээ.
Уг аялан тоглолт нэг жилийн хугацаанд үргэлжилж, дэлхийн 79 том хотыг хамрах юм байна.
BTS хамтлаг 2019 оноос хойш АНУ болон Өмнөд Солонгосоос гадна тоглолт зохион байгуулаагүй байсан бол энэ удаа Лондон, Токио, Мюнхен, Сидней зэрэг Ази, Европ, Австрали, Америк тивийн хотуудад тоглохоор болжээ.
Тэдний өмнөх аялан тоглолт $246 саяын ашиг олж байв.
Тэгвэл энэ удаа тоглолтын тасалбар, лиценз, мерчандайз, цомог, стриминг борлуулалт зэргээсээ нийт $1 тэрбумын орлого олно гэж судлаачид тооцоолжээ.
Аялан тоглолт дөрөвдүгээр сарын 9-ний өдөр Өмнөд Солонгосын Гояан цэнгэлдэх хүрээлэнд эхлэх гурван оройн концертоор эхлэх юм байна.
Тоглолтууд 360 хэмээр эргэдэг тойрог хэлбэрийн тайзан дээр явагдах тул хот бүрд илүү олон үзэгчтэй зохион байгуулагдах гэнэ.
Аялан тоглолт 2027 оны хавар хүртэл үргэлжлэх ажээ.
Тасалбарыг нэгдүгээр сарын 22-ноос фэнүүдэд, хоёр хоногийн дараагаас олон нийтэд зарж эхлэх юм байна.
2010 оны үед байгуулагдсан BTS хамтлаг К-поп урлагийг дэлхийн тавцанд гаргахад гол үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг.
Хамтлагийн долоон гишүүн Өмнөд Солонгосын хуулийн дагуу цэргийн хугацаат алба хаах шаардлагатай болсноор уран бүтээлээ завсарлаж байлаа.
Тэдний сүүлийн гишүүн Сүга өнгөрсөн оны зургаадугаар сард 18 сарын албаа хааж дуусгаснаар хамтлаг дахин нэгдэх боломж нээгдсэн юм.
Долдугаар сард тэд дахин нэгдэх төлөвлөгөөгөө зарлахад видео шууд дамжуулалтыг нь нэг зэрэг долоон сая гаруй хүн үзэж байжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!