Ким Жон Уны дүү “дроны өдөөн хатгалгаа” тайлбарлахыг Өмнөд Солонгосоос шаарджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2026 оны 1 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагт Умард Солонгосын төв хэвлэл тус улсын агаарын оройн зайд Өмнөд Солонгосын талаас нисгэгчгүй онгоц хоёр удаа нэвтэрснийг устгасан тухай анх удаа мэдээлсэн юм.

Эхний удаа өнгөрсөн оны есдүгээр сард, сүүлийн удаа энэ сарын эхээр ийм зүйл тохиолдсоныг дээрх мэдээнд дурджээ.

Хариуд нь Сөүлийн эрх баригчид ямар ч дрон хойд хөршийнхөө нутаг дэвсгэрт илгээгээгүйг баталж, мэдээний зурагт харуулсан дрон Өмнөд Солонгосын армийн зэвсэглэлд байдаггүйг мэдэгдсэн.

Тэгвэл өчигдөр буюу Ням гарагт Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны төрсөн дүү Ким Ёо Жон энэхүү “өдөөн хатгасан үйлдэл”-ийнхээ талаар тайлбар өгөхийг Өмнөд Солонгосын талаас шаарджээ.

Эрх баригч Хөдөлмөрчдийн Намын төв хорооны дэд дарга Ким Ёо Жон “Аз болоход Өмнөд Солонгосын цэргийнхэн үүнийг хийгээгүй, манай улсыг өдөөн хатгах ямар нэг зорилгогүйгээ албан ёсоор мэдэгдлээ. Гэхдээ Өмнөд Солонгосын талаас манай улсын өмнөд хилээр нэвтэрсэн нисгэгчгүй онгоцны талаар дэлгэрэнгүй тайлбар өгөх шаардлагатай” гэж хэлсэн байна.

Ингэхдээ тэр бас Өмнөд Солонгосын батлан хамгаалах яамны Умард Солонгосыг өдөөн хатгах ямарваа зорилгогүй гэсэн байр суурийг “ухаалаг хариулт” гэж магтжээ.

Гэхдээ цэргийн, эсвэл хувийн аль ч зориулалтын нисгэгчгүй онгоц Умард Солонгосын агаарын орон зайд халдах нь ноцтой хууль бус үйлдэл тул дахин ийм зүйл тохиолдвол Өмнөд Солонгосын тал аймшигтай үр дагавар амсахыг анхааруулсан байна.

“БНСУ-ын нисгэгчгүй онгоц манай улсын агаарын орон зайд халдсан нь тодорхой болсон. Хэрвээ БНСУ цаашдаа дахин ийм өдөөн хатгалга үйлдвэл хэзээ ч няцааж чадахгүй аймшигтай үр дагавар амсах болно” гэж Ким Ёо Жон мэдэгджээ. БНСУ (Бүгд Найрамдах Солонгос Улс) бол Өмнөд Солонгосын албан ёсны нэр юм. 

Хэрвээ Сөүлийн эрх баригчид үүнийг хувь хүмүүсийн үйлдэл гэж тайлбарлаад хариуцлагаас мултрахыг оролдвол Умард Солонгосын иргэний байгууллагуудын зүгээс маш олон дроныг Өмнөд Солонгосын хилээр нэвтрүүлж болзошгүйг тэр анхааруулсан байна.

Бямба гарагт Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Жэ Мюн уг хэргийг нарийвчлан шалгаж, Умард Солонгосын хилээр нэвтэрсэн дроны цаад эздийг олж тогтоохыг холбогдох албаныхандаа даалгасан юм.

 

Эх сурвалж: Yonhap News