АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Бүгд Найрамдах намын хууль тогтоогчидтой уулзахдаа Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог баривчилсан ажиллагааныхаа талаар ярьжээ.
Ингэхдээ тэр Мадурог гэмт хэрэгт буруутгаж буй шалтгаануудыг тоочихдоо өөрийнх нь бүжгийг хуулбарласан талаар бас ярьсан байна.
Трамп олон нийтийн арга хэмжээнүүдийн үеэр сэтгэл хөдлөлөө илэрхийлэхдээ этгээд хөдөлгөөнтэй бүжиг хийдгээрээ алдаршсан юм.
Тэгвэл Мадуро ч бас сүүлийн үеийн арга хэмжээнүүдийн үеэр байнга бүжиглэдэг болоод байв.
Саяхан Нью Йорк Таймс сонин АНУ-ын заналхийллийг үл тоомсорлож байгаагаа харуулахын тулд олон нийтийн арга хэмжээнүүд дээр бүжиглэх болсон нь Цагаан ордны эрх баригчид Мадурог баривчлах ажиллагаа явуулахад хүргэсэн талаар мэдээлжээ.
“Тэр энд тэнд гарч ирээд миний бүжгийг дуурайхыг оролддог болсон” гэж Трамп өчигдөр Вашингтон хотын Кеннедийн төвд болсон уулзалтын үеэр ярьсан юм.
Трамп саяхан энэ төвийн нэрийг Трамп-Кеннедийн төв болгон өөрчлөөд байгаа.
“Гэхдээ тэр бол хүчирхийлэгч бөгөөд сая сая хүний аминд хүрсэн этгээд. Тэр хүмүүсийг тамлан зовоодог байсан. Тэр Каракас хотын төвд хүн тамлах камертай байсан нь одоо хаагдаж байна” гэж Трамп цааш нь ярьжээ.
2025 оны сүүлээр АНУ-ын засаг захиргаа Карибын тэнгист цэрэг зэвсгийн хүч төвлөрүүлж, Венесуэлийн дэглэмд дарамт шахалт үзүүлэх болсон.
Энэ үеэр болсон олон нийтийн арга хэмжээнүүд дээр Мадуро өөрийн “Дайн хэрэггүй, Энх тайван хэрэгтэй” гэсэн үгтэй уриалгыг дуулж, техно хөгжмийн аянд бүжиглэж байсан юм.
Трампын хувьд сонгуулийнхаа кампанит ажлын сүлд дуу болсон “YMCA” диско дууны аянд бүжиглэдгээрээ алдаршаад байгаа.
Өчигдөр Трамп тусгай хүчнийхний Венесуэлд явуулсан “гайхамшигт ажиллагааг” магтаж ярьснаас гадна ирэх намар болох Конгрессын дунд хугацааны сонгуульд анхаарал хандуулсан утгатай үг хэлжээ.
“Та нар дунд хугацааны сонгуульд ялах хэрэгтэй. Хэрвээ чадахгүй бол тэд (Ардчилсан Нам) миний эсрэг импичмент явуулах шалтгаантай болно” гэж Трамп намынхаа хууль тогтоогчдод анхааруулсан байна.
Гэхдээ Трамп үе үе сэдвээсээ хальж, өөрийн бүжиглэх ур чадварын талаар хөндөж байлаа.
Тухайлбал тэр тэргүүн хатагтай Меланиа өөрийг нь бүжиглэхэд дургүйцдэгийг хэлсэн юм.
“Намайг бүжиглэхэд тэр их дургүй байдаг. Тэр үүнийг ерөнхийлөгч хүний үйлдэл биш гэж хэлдэг. Фрэнклин Рузвельтийг бүжиглэж байна гэж төсөөл дөө та нар” гэж Трамп хэлжээ.
Гэхдээ энэ нь тийм ч таатай хошигнол биш байв.
1933-аас 1945 оны хооронд АНУ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Фрэнклин Рузвельт 1921 онд полимелит өвчний улмаас саажилттай болж, биеийнх нь бэлхүүснээс доош хэсэг мэдээгүй болж байжээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!