Уншиж байна ...

Япон улс цөмийн зэвсэгтэй болбол хүн төрөлхтөнд асар том гамшиг нүүрлэхийг Умард Солонгос анхаарууллаа

Т.Давааням, ikon.mn
3 цаг 28 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт Умард Солонгосын гадаад хэргийн яамны эх сурвалж Япон улсын цөмийн зэвсэгтэй болох хүсэл сонирхлыг “ямар ч үнээр хамаагүй урьдчилан сэргийлэх ёстой” хэмээн анхааруулжээ.

Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт Японы засгийн газрын нэг албан тушаалтан “Бид цөмийн зэвсэгтэй болох ёстой гэж би бодож байна” гэж хэлснийг Киодо агентлаг уламжилсан юм.

Нэр үл мэдэгдэх энэ албан тушаалтан тус улсын аюулгүй байдлын бодлогыг боловсруулахад оролцсон хүн ажээ.

Тэрбээр “Эцсийн эцэст бид зөвхөн өөртөө найдахаас өөр замгүй” гэж хэлснийг Киодо мэдээндээ эш татсан байна.

Өчигдөр Умард Солонгосын төв хэвлэлд нийтлэгдсэн мэдэгдэлд Токиогийн эрх баригчид “улаан шугамыг давж, цөмийн зэвсэгтэй болох хүсэл эрмэлзлээ ил тод илэрхийллээ” хэмээн шүүмжилжээ.

“Японы цөмийн зэвсэгтэй болох оролдлого нь хүн төрөлхтөнд асар том гамшиг учруулах тул ямар ч үнээр хамаагүй урьдчилсан сэргийлэх ёстой” гэж тус улсын гадаад хэргийн яамны Япон Судлалын Хүрээлэнгийн захирал хэлснийг Солонгосын Төв Мэдээний Агентлаг дамжуулсан байна.

Умард Солонгосын өөр нэг албан тушаалтан “Энэ бол буруу мэдэгдэл, эсвэл болчимгүй мэдэгдэл биш. Харин Япон улсын цөмийн зэвсэгтэй болох гэсэн удаан хугацааны хүсэл эрмэлзлийг тодорхой харуулсан хэрэг” гэж мэдэгджээ.

Баасан гарагт Токиод болсон хэвлэлийн хурлын үеэр Японы засгийн газрын нарийн бичгийн дарга Минорү Кихара тус улсын цөмийн бодлого өөрчлөгдөөгүйг баталсан ч дээрх албан тушаалтны ярьсан зүйлд тайлбар өгөхөөс татгалзсан юм.

Баасан гарагт бас АНУ-ын төрийн департамент Японыг дэлхийн цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх хөдөлгөөний “тэргүүлэгч улс” гэж нэрлэсэн нь Токиогийн эрх баригчдад өгсөн анхааруулга байж болзошгүй байна.

Пёнян өчигдрийн мэдэгдэлдээ өөрийн цөмийн хөтөлбөрийн талаар дурдаагүй юм. Тус улс НҮБ-ын тогтоолыг зөрчин уг хөтөлбөрийг хэрэгжүүлсээр байгаа бөгөөд 2006 онд анхны цөмийн зэвсгээ туршсан юм.

Есдүгээр сард НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганд үг хэлэхдээ Умард Солонгосын гадаад хэргийн дэд сайд Ким Сон Гён тус улс цөмийн зэвсгээсээ хэзээ ч татгалзахгүйг мэдэгдэж байв.

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун бас цөмийн зэвсгийн статусыг нь хүлээн зөвшөөрсөн тохиолдолд Вашингтонтой яриа хэлэлцээ эхлүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдэж байсан юм.

 

Эх сурвалж: Associated Press