Уншиж байна ...

Б.Энхтүвшин: Энэ сард авахаар баталгаажуулсан шатахуун түлшний 50 хүрэхгүй хувь нь импортоор орж ирсэн

Б.Бадамгарав, IKon.mn
4 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Шатахуун, түлшний хангамж нийлүүлэлтийн асуудлаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин, Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам(АҮЭБЯ)-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Дэд сайд Б.Энхтүвшин "Манай улс шатахуун, түлшний хэрэглээнийхээ 95 хувийг Оросын Холбооны Улсаас, таван хувийг БНХАУ-аас импортоор хангаж байгаа. Энэ сард ОХУ-аас 83,600 тонн АИ-92 шатахуун, 134,240 тонн Дизель түлш, 1,560 тонн АИ-95 шатахуун авахаар гэрээгээ хийж, баталгаажуулсан. 

Өнөөдрийн байдлаар нийт шатахууны хангамжийн 48-49 хувийг импортоор аваад байна. Сарын 2/3 нь өнгөрчихсөн байхад шатахууны нийлүүлэлт 50 хувь хүрэхгүй байгаа нь хомсдол үүсэх нэг шалтгаан болсон. 

Дэлхий нийтээрээ мэдэж байгаачлан ОХУ-ын дотоод нөхцөл байдал харьцангуй хүндрэлтэй байх шиг байна. Гэхдээ Оросын ард түмэн манай улсад хамаг боломж бололцоогоороо шатахуун түлш нийлүүлж байна" гэлээ.

Түүнчлэн тэрбээр "Өдөрт 40-60 вагон шатахуун түлш Монгол Улсын хилээр орж ирвэл нөөц үүсгэхгүйгээр өдрийнхөө хэрэгцээг хангах боломжтой. Гэтэл арванхоёрдугаар сар гарснаас хойш дөрөвхөн удаа 40-өөс дээш вагон орж ирлээ. Бусад үед 10 гаруй, тэр байтугай энэ сарын 8-нд гурав, 18-нд нэг вагон ирсэн. Бид шуурхай түгээлтэд гаргахын тулд өртөөнүүдэд цаг тухай бүрд нь хуваарилан түгээж ажиллаж байгаа.

Улаанбаатар хотод 280 гаруй ШТС байна. 1/3-ийг ээлжлэн хангаж байгаа. Би ажлаа аваад дөрөв хонож байгаа. Ажлаа авсан оройгоос газар дээр нөхцөл байдал ямар байгаатай танилцаж ажилласан. Тухайлбал Энхтайваны гүүрний доод хэсэгт байрлах Петровис 19-20 тонн АИ-92 тонн шатахуунаар 24 цагийн борлуулалтаа хийдэг байсан бол одоо 10 цаг болоод дуусаж байна. Оочерлож буй иргэдтэй уулзахад хоёр жолооч нь шар нь ассан, нэг жолооч нь хоёр зураас бензинтэй, бусад нь талаас дээшээ бензинтэй байна гэж байсан. Иймэрхүү байдлаар өдрийн хэрэглээний бензин хүрэхээ байсан нь иргэд банкандаа 50 хувийн нөөцтэй яваад байгаатай холбоотой байх.

Төвийн болон хангайн бүсийн аймгуудын хэрэглээг Улаанбаатар хотоос хангадаг. Дархан, Эрдэнэт рүү ачилт хийсэн. Өчигдөр 16 вагон Эрдэнэт, Дарханд буугаад Хөвсгөл8 Увс, Архангай, Булган руу тараагдаж байгаа. Зүүн аймгууд харьцангуй хэвийн байгаа" гэв.