Бямба гарагт Германы саажилттай инженер мөрөөдлөө биелүүлж, өөр таван хүний хамт сансрын уудмын зах хүртэл пуужингаар аялжээ.
Тэдний нислэгийг Амазоныг үүсгэн байгуулагч, тэрбумтан Жэф Безосын сансрын аяллын Blue Origin компани зохион байгуулсан байна.
Долоон жилийн өмнө уулын дугуйн ослоор хүнд гэмтсэн Михаэла Бентхаус сансарт ниссэн анхны тэргэнцэртэй хүн болон түүхэнд бичигджээ.
АНУ-ын Техас мужаас хөөрсөн пуужингаар Германд төрсөн SpaceX компанийн тэтгэвэрт гарсан захирал Ханс Коенигсманн бас аялсан юм. Тэрбээр Бентхаусын сансарт нисэх зардлыг төлжээ.
Тэд хэр хэмжээний мөнгөөр Blue Origin компаниас сансарт нисэх тасалбар авсан нь тодорхой болоогүй байна.
Blue Origin компанийн пуужин газраас дээш 105 км өндөрт хүрч, сансрын уудмын албан ёсны хилийг хэсэгхэн хугацаанд давсны дараа буцдаг юм.
“Энэ бол хамгийн гайхалтай мэдрэмж байлаа” гэж газардсаныхаа дараа Бентхаус хэлжээ.
10 минут үргэлжилсэн сансрын нислэгт Бентхаусыг хамруулахын тулд пуужингийн капсулд бага зэрэг тохируулга хийх шаардлага гарсныг Blue Origin компаниас мэдээлсэн байна.
Тус компанийн өмнөх нислэгүүдэд хөдөлгөөн, хараа, сонсголын бэрхшээлтэй хүмүүс, 90 настай хоёр ч хүн хамрагдаж байжээ.
Blue Origin компанийн мэргэжилтнүүд капсулын суудлыг Бентхауст зориулан хөдөлгөөнтэй болгосноос гадна газардсаны дараа тэргэнцрийг нь явуулахын тулд цөлийн элсэрхэг хөрсөн дээр хивсэнцэр дэвссэн байна.
33 настай Бентхаус өмнө нь Европын Сансар Судлалын агентлагийн сансрын нисэгч бэлдэх хөтөлбөрт хамрагдаж байжээ.
Коенигсманн, Бентхаус нартай бизнесмэн, хөрөнгө оруулагчид, компьютерын нэг мэргэжилтэн хамт ниссэн байна.
Тэднийг ниссэний дараа Blue Origin компаниар үйлчлүүлсэн хүмүүсийн нийт тоо 86 болжээ.
Тэрбумтан Безос уг компанийг 2000 онд үүсгэн байгуулж, 2021 онд анхны зорчигчоо нисгэж байв.
Blue Origin сансрын аялал жуулчлалаас гадна тойрог замын сансрын хөлөг, түүнийг тээвэрлэх аварга том пуужин бүтээснээ амжилттай туршсан бол одоо саран дээр ажиллах станцыг зохион бүтээж эхлээд байгаа юм.
Эх сурвалж: Assocated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!