Уншиж байна ...

“Avatar” цувралын гурав дахь кино эхний долоо хоногтоо $345 саяын орлого оллоо

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Найруулагч Жэймс Камероны алдартай уран зөгнөлт цувралын гурав дахь кино “Avatar: Fire and Ash” өнгөрсөн Баасан гарагт дэлхий даяар нээлтээ хийсэн юм.

Уг бүтээл эхний гурван өдрөө АНУ-ын зах зээлээс $88 саяын орлого олсон байна. Энэ нь шинжээчдийн тооцоолсон $100 саяд хараахан хүрээгүй үр дүн болжээ.

Анхны “Avatar” кино 2009 онд гарахдаа ижил хугацаанд $115 саяыг дотоодын зах зээлээсээ олж байсан бол хоёр дахь кино нь 2022 онд $134 саяыг олж байсан юм.

Гэхдээ “Avatar: Fire and Ash” гадаад зах зээлээс $257 саяыг олсноор нийт орлого нь $345 сая хүрчээ.

Шинэ жилийн амралтын өдрүүд болон нэгдүгээр сарын эхний өдрүүдэд уг бүтээл үзэгчдийг байлдан дагуулсан хэвээр байх төлөвтэй байна.

Гурав дахь “Avatar”-ийг бүтээсэн зардал $400 орчим сая юм.

Энэ киноны амжилтаас хамааран дөрөв дэх “Avatar”-ыг бүтээх эсэхээ шийдэх тухай өнгөрсөн долоо хоногт Жэймс Камерон хэвлэлд ярьж байв.

Сүүлийн жилүүдэд стриминг үйлчилгээнүүдийн хэрэглээ нэмэгдэж, эдийн засгийн хямралын улмаас кинотеатрыг зорих хүмүүсийн тоо буурсан.

Гэхдээ “Avatar” мэтийн өндөр түвшний зураглал дүрслэлтэй киног хүмүүс “том дэлгэцээр үзэхийг илүү сонирхоно” гэж шинжээчид үзэж байна.

“Найруулагчийн хувьд кинотеатр бол ариун газар юм. Энэ хэзээ ч алга болохгүй. Гэхдээ миний хийх дуртай кинонууд эдийн засгийн хувьд үр ашигтай байх босгыг давж чадахгүй болж болзошгүй гэж би бодож байна. Бид одоогоор энэ түвшинд маш ойрхон байгаа” гэж Камерон өнгөрсөн долоо хоногт ярьж байв.

АНУ-ын кинотеатрын зах зээл цар тахлын өмнөх түвшиндээ хүрээгүй байгаа. Тухайлбал энэ онд тус салбарын орлого $8.37 тэрбумд хүрсэн нь өмнөх оноосоо 1.3 хувиар өссөн үзүүлэлт боловч 2019 онтой харьцуулахад 22.5 хувиар бага байгаа юм.

 

Эх сурвалж: CNN