Шашны хатуу дэгтэй Саудын Араб улсад согтууруулах ундааны хэрэглээ хатуу хориотой байдаг.
Тус улсын нийслэл Эль Рияд хотын элчин сайдуудын дүүрэгт цорын ганц архины дэлгүүр 2024 оны нэгдүгээр сард нээгдсэн нь зөвхөн муслим биш гадаадын дипломатчидад үйлчилдэг юм.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногоос эхлэн энэ дэлгүүр үйл ажиллагааны хүрээгээ тэлж, “Premium Residency” визтэй муслим биш гадаадын иргэдэд үйлчилдэг болжээ.
Ийм төрлийн визийг өндөр ур чадвартай мэргэжилтнүүд, хөрөнгө оруулагчид, бизнесмэнүүдэд олгодог. Өөрөөр хэлбэл өндөр орлоготой, чинээлэг гадаадын иргэд архи, согтууруулах ундаа хэрэглэх эрхтэй болжээ.
Исламын шашны хамгийн ариун газрууд оршдог Саудын Араб улс 1950-аад оны үеэс согтууруулах ундааны хэрэглээг хориглосон түүхтэй.
Тус улсын дефакто удирдагч гэгддэг угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман газрын тосноос хараат эдийн засгаа шинэчлэх бодлого эрчимтэй явуулж байгаа.
Энэ бодлогын хүрээнд аялал жуулчлалыг хөгжүүлж, гадаадын хөрөнгө оруулалт татаж, нийгмээ хуучны ёс уламжлалаас салгахыг хичээж байна.
Тухайлбал тус улс анхны кинотеатраа нээж, эмэгтэйчүүдэд жолооны эрх олгож, олон улсын хөгжмийн наадмуудыг зохион байгуулах болсон.
Гэхдээ улс төрийн эрх чөлөө хатуу хяналттай хэвээр байгаа. Бас согтууруулах ундааг ард иргэддээ хориглосон хэвээр байна.
Эль Рияд хот дахь цорын ганц дэлгүүр нь гаднаа ямар ч нэр хаяггүй, хэн эзэмшдэг нь ч тодорхойгүй байдаг.
Дэлгүүр дотор гар утас, камер хэрэглэхийг хориглодог байна. Тэр ч байтугай камертай ухаалаг нүдний шил зүүсэн эсэхийг хүртэл шалгадаг гэнэ.
Дипломатчид тус дэлгүүрээр татваргүй үйлчлүүлдэг бол “Premium Residency” визтэй гадаадын иргэдэд ийм хөнгөлөлт байхгүй тул нэлээд өндөр үнээр худалдаж байгаа сурагтай байна.
Өмнө нь Саудын Арабын иргэд болон гадаадынхан согтууруулах ундаа хэрэглэх бол хөрш Бахрейн улсыг зорьдог байжээ.
Саудын Арабын эргээс холгүй оршдог энэ арал улсад хуулиараа муслим болон муслим биш хүмүүст ялгалгүй үйлчилдэг юм.
Тиймээс амралтын өдрүүдэд Бахрейн улс Саудын Араб болон бусад Персийн булангийн орнуудаас ирсэн зочдоор дүүрдэг байна.
Саудын Арабыг үүсгэн байгуулсан хаан Абдулазиз 1951 онд Жедда хотод түүний хүү, хунтайж Мишари согтуудаа галт зэвсгээр Британийн дэд консул Сирил Оусманы амийг хөнөөсний дараа согтууруулах ундааг бүрмөсөн хориглох шийдвэр гаргаж байжээ.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!