Трамп ирэх 2-3 долоо хоногийн хугацаанд Ираныг маш хүчтэй цохисныхоо дараа дайныг дуусгах гэнэ
АНУ-ын зүүн эргийн цагаар Лхагва гарагийн орой ерөнхийлөгч Дональд Трамп ард иргэддээ хандан Цагаан ордноос үг хэллээ.
Тэрбээр одоо Ойрх Дорнодод үргэлжилж буй дайныг “ирэх хоёроос гурван долоо хоногийн хугацаанд Иранд маш хүчтэй цохилт өгснийхөө дараа дуусгана” гэж амлажээ.
Дайны гол стратегийн зорилтууд бүрэн биелэх цаг ойртож байгааг тэр бас хэлсэн байна.
Трамп энэ үеэр стратегийн өндөр ач холбогдолтой Ормузын хоолойн аюулгүй байдлыг хангахад тус хоолойгоос хамааралтай улс орнууд “тэргүүлэх үүрэгтэй” оролцох ёстойг дахин сануулжээ.
Хоёрдугаар сарын 28-ны өдөр эхэлсэн дайны улмаас газрын тосны үнэ огцом өсөж, дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж эхэлсэн бөгөөд Трампын засаг захиргаа уг мөргөлдөөнөөс гарах арга замыг хайж байгаа нь түүний хэлсэн үгээс тодорхой харагдаж байна.
Байдал энэ хэвээр удаан үргэлжилбэл арваннэгдүгээр сард болох Конгрессын завсрын сонгуулийн үр дүнд нөлөөлөхөөр байгаа.
“Бид Ираныг ирэх хоёроос гурван долоо хоногийн хугацаанд маш хүчтэй цохих болно. Бид тэднийг байх ёстой газарт нь, чулуун зэвсгийн үед нь буцаах болно” гэж Трамп мэдэгджээ.
Тэрбээр цааш нь Ираны цөмийн болон пуужингийн хөтөлбөрүүд, тэнгисийн болон агаарын зэвсэгт хүчнийг устгах, сулруулах зорилготой “Epic Fury Operation” ажиллагаа дуусах цаг тун ойрхон ирснийг мэдэгдсэн байна.
“Эдгээр гол стратегийн зорилтууд биелэх тун дөхөж байгааг өнөөдөр орой хэлэхдээ таатай байна” гэж Трамп мэдэгджээ.
Тэр бас гэрээ хэлэлцээ байгуулахаас татгалзсан тохиолдолд Ираны эрчим хүчний байгууламжуудыг устгах сүрдүүлэг нь хүчинтэй хэвээр байгааг энэ үеэр анхааруулсан юм.
“Энэ нь хамгийн хялбар арга зам боловч бид тэдэнд амьд үлдэх, сэргээн босгох бага ч гэсэн боломж олгохын тулд үүнийг алгассаар байлаа. Гэхдээ бид үүнийг хийж чадна” гэж Трамп хэлжээ.
Тэр бас АНУ энэ дайнд “хурдан, шийдэмгий, гайхалтай” ялалт байгуулж буйг зарлажээ.
“Ормузын хоолойгоор газрын тос авдаг дэлхийн улс орнууд энэ гарцаа арчлах ёстой. Тэд үүнийгээ нандигнан хайрлах ёстой. Тэд үүнийг шүүрч авах ёстой. Тэд үүнийг амархан хийж чадна. Бид туслахад бэлэн. Гэхдээ өөрсдийн хамааралтай энэ хоолойд санаа тавихад тэд тэргүүлэх үүрэг гүйцэтгэх ёстой” гэж тэр дэлхийн эрчим хүчний тээвэрлэлтийн чухал замыг орхих болсон шалтгаанаа тайлбарласан байна.
Трамп бас Ормузын хоолойгоор газрын тос авах боломжгүй байгаа орнуудад АНУ-аас худалдаж авах, эсвэл “зүгээр л хоолойд очоод шууд ав” гэсэн санаагаа давтан илэрхийлжээ.
“Иран үндсэндээ сүйрсэн. Дайны хамгийн хэцүү хэсэг нь дууссан тул одоо амархан болсон. Энэ мөргөлдөөнийг дуусахад хоолой аяндаа нээгдэнэ” гэж тэр хэлсэн байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
