Өмнөд Солонгос улс бэлгийн дарамтаас гадаадын оюутнуудыг хамгаалах зөвлөмжийг Монгол зэрэг долоон хэл дээр гаргажээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
5 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Гадаад оюутны тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан Өмнөд Солонгосын боловсролын яам бэлгийн дарамт, бэлгийн хүчирхийллээс өөрийгөө хэрхэн хамгаалах талаар гарын авлага, зөвлөмжийг гадаадын олон хэл дээр гаргаж тарааснаа өчигдөр мэдээлжээ.

Энэ нь тэднийг ийм төрлийн хэргээс урьдчилан сэргийлэх, үр дүнтэй хариу арга хэмжээ авахад туслах зорилготой юм байна.

Өмнөд Солонгост суралцагч гадаад оюутны тоо энэ оны эхний байдлаар анх удаа 310,000 давсныг өнгөрсөн долоо хоногт тус улсын цагаачлалын алба мэдээлсэн билээ.

Үүнтэй зэрэгцэн хэл, соёлын ялгаа, саад бэрхшээлтэй холбоотой нийгмийн харилцааны асуудлууд нэмэгдэх болсон байна.

зураг
 

Гарын авлагад бэлгийн дарамт, хүчирхийллийн гол ойлголтууд, түгээмэл төрлүүдийг тайлбарлаж, тэдгээрээс урьдчилан сэргийлэх, өртсөн тохиолдолд ямар хариу арга хэмжээ авах талаар мэдээллийг багтаажээ.

Мөн найз нөхдөдөө хэрхэн туслах, холбогдох байгууллагуудаас хэрхэн тусламж хүсэх талаар практик зааварчилгаа өгсөн байна.

Гарын авлагын хүртээмжийг сайжруулахын тулд солонгос, англи, хятад, вьетнам, монгол, узбек, балба гэсэн долоон хэлээр гаргажээ.

Боловсролын яам уг гарын авлагаа гадаад оюутнууд суралцдаг бүх их сургуулиуд болон хүний эрхийн байгууллагуудад тарааж, бас өөрийн вэб сайтад дижитал хувилбарыг байршуулсан байна.

“Энэхүү гарын авлага гадаадын оюутнуудад аюулгүй орчинд суралцах, өдөр тутмын амьдралаа хэвийн үргэлжлүүлэхэд нь тусална гэдэгт бид найдаж байгаа. Манай яам гадаад оюутнуудад аюулгүй боловсролын орчныг бүрдүүлэхийн тулд урьдчилсан сэргийлэх, дэмжлэг үзүүлэх системийг улам бэхжүүлсээр байх болно” гэж боловсролын яамны албан тушаалтан мэдэгджээ.

 

Эх сурвалж: Korea Times