НОБГ: Богд ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа
Өчигдөр нийслэл хотын орчимд хоёр ойн түймэр гарчээ.
Тодруулбал Богдхан уулын “Зүүн оргил” хэмээх газарт гал түймэр гарсан байна. Дуудлагын дагуу Аврах анги, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажилтнууд болон “Мод” мото клубийн сайн дурын иргэд нийт 33 алба хаагч, 7 автомашин, 3 мотоциклтойгоор ажиллан 17:30 цагт цурамд оруулж, 22:50 цагт бүрэн унтраасан болохыг Нийслэлийн Онцгой Байдлын Газраас мэдээллээ.
Харин "Манзушир хийд” гэдэг газарт гарсан ойн түймрийг өчигдөр 18:57 цагт бүрэн унтраажээ.
"Хуурайшилтын улирал эхэлсэнтэй холбоотойгоор гал түймрийн эрсдэл өндөр байна. Иймд иргэд, аялагчид ил гал түлэхийг хатуу хориглож, галын аюулгүй байдлыг заавал мөрдөхийг шаардаж байна" гэв.
Ногоон бүсэд зорчихдоо:
- Ил гал, чүдэнз, тамхины галыг бүрэн унтраах
- Халуун үнс нурмыг бүрэн унтраах
- Шар өвс, хог хаягдлыг шатаахгүй байх
- Автомашины яндангаас гал алдах эрсдэлээс сэргийлж, галын аюулгүй байдлаа хангахыг зөвлөв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
