Америк, Канадын дөрвөн сансрын нисэгчийг тээвэрлэсэн NASA-гийн хөлөг сарыг чиглэн хөөрлөө

С.Мөнхцэцэг, ikon.mn
46 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Дөрвөн сансрын нисэгчийг тээвэрлэсэн NASA-гийн хөлөг хэдхэн цагийн өмнө дэлхийгээс сарыг чиглэн хөөрлөө.

Энэ бол хүн төрөлхтөн сансрын хамгийн гүн рүү хийсэн аялал болж байгаа юм.

Гурван Америк, нэг Канадын иргэнийг тээвэрлэсэн 32 давхар барилгын хэмжээний өндөртэй пуужин Флорида дахь Кеннедийн сансрын төвөөс хөөрчээ. Энэ үеэр сансар судлалын шинжлэх ухааны шинэ эриний нээлтийн гэрч болохоор олон арван мянган хүн цугларсан байв.

Америкчууд 1960-аас 1970-аад оны үед саран дээр анх удаа хөл тавьж байсан бол энэ удаа дэлхийн дагуул дээр байнгын суурин станц байгуулах зорилготой байна.

Артемис II нэртэй энэ хөтөлбөр олон жилийн турш олон бэрхшээл сорилтыг туулсны эцэст ийнхүү хэрэгжиж эхэлж байгаа юм.

зураг
 

АНУ-ын иргэн Рийд Уайзмэн, Виктор Гловер, Кристина Кок, Канадын иргэн Жереми Хансен нар энэ удаа саран дээр хөл тавихгүй ч сарыг тойрон нисэх болно. Ингэхдээ тэд 2028 онд саран дээр буух дараагийн аялалд шаардлагатай судалгааг явуулна.

Тэдний аялал нийтдээ 10 хоног орчим үргэлжлэх юм.

Энэ аялалд анхны эмэгтэй, анхны өнгөт арьстан, анхны Америк бус хүн оролцож байгаагаараа түүхэнд бичигдэж байна.

Хэрвээ энэ аялал төлөвлөгөөний дагуу хэрэгжвэл хүн төрөлхтөн дэлхийгээс хамгийн хол зайд хүрсэн тохиолдол болж түүхэнд бичигдэнэ.

Мэргэжилтнүүд Артемис II хөтөлбөрийг хүн төрөлхтөн Ангараг гарагт хүрэхийн өмнөх алхам гэж үзэж байна.

Энэ нислэг анх хоёрдугаар сарын эхээр төлөвлөгдөж байсан ч техникийн доголдлын улмаас хоёр ч удаа хойшлогдсон юм.

Дараагийн нислэгээр саран дээр буух станцыг одоо тэрбумтан Илон Маск, Жэф Безос нарын өрсөлдөгч компаниуд тус тусдаа зохион бүтээж байгаа.

Америкчуудын яарч байгаа нь Хятад улс 2030 онд сансрын нисэгчдээ саран дээр буулгахаар төлөвлөсөнтэй холбоотой юм.

 

Эх сурвалж: AFP