Ираны эсрэг дайныг дуусгах, АНУ-ыг НАТО-гоос гаргах зэрэг асуудлаар Трамп байр сууриа илэрхийлэх төлөвтэй байна
Ираны эсрэг эхлүүлсэн дайнаа ойрын үед дуусгах бөгөөд үүний дараа шаардлагатай бол тодорхой цэгүүдэд алсаас нэмэлт цохилт өгч болохыг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хэвлэлд өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгджээ.
Бас НАТО-гоос АНУ-ыг гаргах талаар урьд урьдынхаас илүү “нухацтай” бодож байгаагаа тэр илэрхийлсэн юм.
Трамп эдгээр асуудлуудтай холбоотой байр сууриа Улаанбаатарын цагаар өнөөдөр өглөөний 9:00 цагт ард түмэндээ хандаж үг хэлэхдээ танилцуулж болзошгүй байна.
Тэрбээр өмнө нь дайныг дуусгахын тулд Тегерантай ямар нэг гэрээ байгуулах шаардлагагүй, Ормузын хоолойг нээлгэх шаардлагагүй гэж мэдэгдэж байв. Харин Ираныг цөмийн зэвсэгтэй болох чадваргүй болгох нь дайнаа дуусгах гол үндэслэл болохыг хэлсэн юм.
Трамп бас дайн дуусгах хугацааг ойрын хоёроос гурван долоо хоног гэж мэдэгдээд байгаа.
Өчигдөр сэтгүүлч түүнээс тодорхой хугацаа хэлэхийг хүсэхэд “Би танд яг хэлж чадахгүй. Гэхдээ бид маш хурдан гарах болно” гэж хариулжээ.
Трамп бас энэ удаа АНУ-ыг НАТО-гоос гаргах асуудлыг урьд урьдынхаас илүү “нухацтай” бодож байгаагаа мэдэгдсэн байна.
Ормузын хоолойг Ираны заналхийллээс хамгаалахад холбоотнууд нь оролцохоос татгалзсаны дараа энэ талаар эргэлзэх зүйлгүй болсноо тэр илэрхийлжээ.
Хэрвээ Трамп ингэвэл Умард Атлантын цэргийн эвсэл 77 жилийн түүхэндээ хамгийн том хямралтай тулгарах болно.
Тэрбээр өчигдөр хэвлэлд ярихдаа НАТО-гийн холбоотнуудаа, тэр дундаа Их Британийг “хулчгар” хэмээн уур бухимдлаа илэрхийлсэн юм.
“Тэдэнд тэнгисийн флот ч байхгүй. Хэтэрхий хуучирсан армитай, нисэх онгоц тээвэрлэгч нь ч ажиллагаагүй” гэж тэр Их Британийг муулсан байна.
Их Британийн ерөнхий сайд Кир Стармер дээрх мэдэгдлийг үл тоомсорлож байгаагаа илэрхийлэхдээ “НАТО бол дэлхийн түүхэнд урьд өмнө байгаагүй хамгийн үр дүнтэй цэргийн холбоо” гэж мэдэгджээ.
Тэр бас Ираны дайны талаар ярихдаа “Энэ бол бидний дайн биш тул татагдан орох ёсгүй” гэсэн байр суурь илэрхийлсэн байна.
Гэхдээ Трампын хувьд АНУ-ыг НАТО-гоос гаргах тийм амар биш.
2024 онд АНУ-ын Конгресс тус эвслийг Трампаас хамгаалахын тулд NDAA (National Defence Authorization Act) нэртэй хуулийг баталсан бөгөөд үүгээрээ дан ганц ерөнхийлөгчийн шийдвэрээр гарах боломжгүй, заавал Сенатын гуравны хоёрын саналаар, эсвэл Конгрессын шийдвэрээр гаргах босготой болгосон юм.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
