МАН-ын Удирдах зөвлөл С.Бямбацогт, С.Амарсайхан хоёрын хэнийг УИХ-ын даргад нэр дэвшүүлэхээ шийдэх гэж байна
МАН-ын Удирдах зөвлөлийн хурал Төрийн ордонд 09:00 цагт эхэллээ. Тус хурлаас УИХ-ын даргаар хэнийг сонгохыг шийдэх юм.
УИХ дахь олонхын бүлгээс парламентын спикерийг нэр дэвшүүлдэг. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн олохын саналаар УИХ-ын даргыг сонгож, батламжилдаг.
Эрх баригч МАН-ын бүлэг 68 гишүүнтэй ч намын дотоод хагарлаас үүдэн хоёр хуваагдсан. Хэвлэлийнхний таамаглалаар 30:38 гэсэн харьцаатайгаар хоёр тийш харсан МАН-ын бүлгийнхэн УИХ-ын дарга дээрээ тохиролцож чадалгүй нэлээд алгуурлаж буй.
УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй талынхан Шадар сайд асан С.Амарсайханыг, нөгөө талынхан одоогийн ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэх сонирхолтой байгаа нь хэдийнээ ил болсон. Гэвч аль аль нь эсрэг талынхаа санал болгож байгаа нэр дэвшигчийг хүлээн зөвшөөрөхгүй байгаад асуудал оршиж буй. Дээрх хоёр эрхмээс гадна сайн дурын үндсэн дээр их хурлын даргын албан тушаалд санаархсан горилогчид ч цөөнгүй бий. Гэвч эцсийн байдлаар С.Бямбацогт, С.Амарсайхан нар тунаж үлдээд байгаа аж.
Ташрамд дурдахад, Ерөнхийлөгчийн зүгээс өөрийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татдаг болох хуулийн төслөө их хурлын даргыг томилогдсоны дараа хэлэлцүүлэхээр хойшлуулсан. Тэгэхээр УИХ-ын дарга аль талаас томилогдохоос шалтгаалан 2027 оны Ерөнхийлөгчийн, 2028 оны парламентын сонгуулийн өнгөд нөлөөлөхөөр харагдаж байгаа юм.
Ийнхүү хууль тогтоох дээд байгууллагыг хэнээр толгойлуулахыг МАН-ын УЗ-ийн 39 гишүүн сонгох гэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
