Системийн доголдлын улмаас Хятадын нэг хотын гудамжинд жолоочгүй таксинууд олноороо гацжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
58 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Хятадын төв бүсийн Ухань хотын гудамжинд жолоочгүй роботаксинууд системийн доголдлын улмаас зорчигчдоо замын голд хэдэн цагаар гацаажээ.

Мягмар гарагийн орой тус улсын технологийн аварга компани Байдугийн эрхэлдэг үйлчилгээний роботаксинуудад ийм асуудал гарсан байна.

Лхагва гарагт Ухань хотын цагдаагийн газраас гаргасан мэдэгдэлд “Хэд хэдэн Apollo Go автомашин замын голд хөдөлж чадахгүй зогссон байсан. Мөрдөн байцаалтын дараа системийн доголдлоос болсныг урьдчилсан байдлаар тогтоолоо” гэж тайлбарлажээ.

Байду компани Ухань хотод 500 гаруй жолоочгүй такси ажиллуулдаг. Тэдгээрийн хэд нь уг доголдолд өртсөн талаар мэдээлээгүй байна.

Сошиал сүлжээнд нэг зорчигч оройн 9:00 цагаас эхлээд 90 минутын турш хурдны замын голд түгжигдсэн тухайгаа бичжээ.

“Apollo Go” үйлчилгээний хэрэглэгчийн төвтэй олон удаа холбогдсоны эцэст тус компани мэргэжилтнээ явуулсны үр дүнд тухайн зорчигч аврагдсан байна.

Энэ бол Байду компанийн үйлчилгээ доголдсон анхны тохиолдол биш юм. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тус компанийн роботакси хоёр явган зорчигчийг мөргөж гэмтээсний дараа Жужоу хотын захиргаа уг үйлчилгээг түр зогсоож байжээ.

Хятадын Google гэгддэг Байду компани 2020 оны сүүлээр Бээжин хотод “Apollo Go” роботакси үйлчилгээгээ анх нээсэн бөгөөд одоо хэд хэдэн хотод тусгайлан заасан замууд дээр үйлчилгээгээ явуулж байгаа юм.

2025 оны дөрөвдүгээр улиралд энэ үйлчилгээ нийт 3.4 сая удаа зорчигч тээвэрлэсэн нь 2024 оны ижил цаг үетэй харьцуулахад 200 гаруй хувиар өссөн үзүүлэлт болжээ.

Саяхан тус компани гадаад зах зээлд үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор Lyft, Uber компаниудтай хамтран ажиллахаар болсныг зарласан юм.

 

Эх сурвалж: AFP