Оросын нэг мужийн захирагч ажилтнуудынхаа тодорхой хэсгийг Украины фронтод илгээх даалгаврыг байгууллагуудад өгчээ

Т.Давааням, ikon.mn
1 цаг 18 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Украины фронт руу илгээх цэргийн урсгалыг тогтмол хангахын тулд Оросын эрх баригчид янз бүрийн арга сэдэж байгаа.

Тэгвэл тус улсын Рязань мужийн захирагч Павел Малков гуравдугаар сарын 20-ны өдөр гарын үсэг зурсан захирамжаараа бизнесийн байгууллагуудын ажилтнуудад цэргийн гэрээт алба хаалгах квот тогтоожээ.

Уг захирамж өнгөрсөн долоо хоногт Оросын хууль эрх зүйн порталд нийтлэгдсэнээр олон нийтэд ил болсон байна.

Малков захирамждаа уг квотыг байгууллагуудын “өмчийн хэлбэрээс үл хамааран” тогтоож байгааг дурджээ. Үүнээс үзвэл хувийн хэвшлийнхнээс гадна ашгийн бус болон төрийн байгууллагууд бүгд хамрагдах бололтой.

Квотыг ажилтны тооноос хамааруулан тогтоожээ. Тухайлбал 300 хүртэл ажилтантай байгууллагууд хоёр хүнээ, 500 ба түүнээс дээш тоотой тохиолдолд таван хүнээ дотроосоо сонгож, цэргийн гэрээт алба хаалгах  гэнэ.

Захирамжийг хэрэгжүүлээгүй байгууллагуудыг нэг сая рублийн ($12,200) торгуулиар шийтгэж болзошгүйг хэвлэлүүд мэдээлсэн ч захирамжид энэ талаар тодорхой дурдаагүй байна.

Хараат бус хяналтын байгууллага CIT (Conflict Intelligence Team) энэ нь компаниудад цэргийн квот тогтоосон тухай албан ёсны захирамж нийтэд ил болсон анхны тохиолдол болохыг баталжээ.

Бусад бүс нутгуудад ийм шийдвэр гарсан ч олон нийтэд ил болголгүй нууцалж байх өндөр магадлалтай гэж тэд үзэж байна.

Энэ он гарснаас хойш Украины фронт дээр гарч буй хүн хүчний хохирлоо Оросын батлан хамгаалах яам нэмэлт хүчээр нөхөж чадахгүй байгаа гэсэн мэдээлэл бий.

Тус улсын эрх баригчид бүх нийтийн цэргийн дайчилгаа зарлах төлөвлөгөө байхгүйгээ удаа дараа мэдэгдэж байгаа юм.

 

Эх сурвалж: The Moscow Times