Өчигдөр буюу Ням гарагт Израилийн гадаад хэргийн сайд Гидеон Саар сүүлийн жилүүдэд Өрнөдийн орнуудад антисемитист үзэл суртал өсөн нэмэгдэж буйтай холбогдуулан жүүдүүдэд Израильд нүүж ирэхийг уриалжээ.
Түүний энэ мэдэгдэл Австрали улсад жүүд хүн амын эсрэг зэвсэгт халдлага гарснаас хойш яг долоо хоногийн дараа гарч байна.
“Жүүдүүд хаа сайгүй аюулгүй амьдрах эрхтэй. Гэхдээ бид юу болж буйг харж, бүрэн ойлгож байгаа бөгөөд бидэнд тодорхой түүхэн туршлага бий. Өнөөдөр дэлхий даяар жүүдүүдийг ангуучилж байна” гэж жүүдийн уламжлалт баяр Ханукагийн сүүлчийн өдөрт зориулсан лаа асаах ёслолын үеэр Саар хэлжээ.
Тэрбээр цааш нь хэлэхдээ “Өнөөдөр би Английн жүүдүүд, Францын жүүдүүд, Австралийн жүүдүүдэд, Канадын жүүдүүдэд, Бельгийн жүүдүүдэд хандан уриалж байна. Израилийн нутагт ирээрэй! Гэртээ ирээрэй!” гэсэн байна.
Түүнийг ингэж хэлэх үеэр дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн жүүдийн нийгэмлэгийн удирдагчид хамт байлцжээ.
2023 оны аравдугаар сарын долоонд гарсан Хамасын халдлагын дараа Израиль улс Газрын зурваст дайн эхлүүлсэн. Үүний улмаас Өрнөдийн орнуудад антисемитист үзэл дэлгэрч, эрх баригчид нь үүнийг хязгаарлах арга хэмжээ авахгүй байгааг Израилийн тал байнга шүүмжилдэг болсон.
Арванхоёрдугаар сарын 14-нд Австралийн Сидней хотын ойролцоо Бонди Бич амралтын газарт гарсан зэвсэгт халдлага нь бас антисемитист үзэл суртлаас үүдэлтэй байсан юм.
Өнгөрсөн долоо хоногийн Мягмар гарагт Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху жүүд иргэдийн аюулгүй байдалд анхаарлаа хандуулахыг Өрнөдийн орнуудын эрх баригчдад уриалж байв.
“Өрнөдийн засгийн газруудад жүүдийн эсрэг үзэлтэй тэмцэж, дэлхий даяар жүүд хүн амын аюулгүй байдлыг хангахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авахыг би шаардаж байна” гэж тэр мэдэгдэж байлаа.
1950 онд батлагдсан Израилийн “Буцаж ирэх тухай хууль”-д зааснаар дэлхий даяар оршин сууж буй аливаа жүүд хүн бүр Израильд суурьших, иргэн болох эрхтэй байдаг.
Энэ хууль бас эцэг эхийн аль нэг талдаа жүүд өвөө эмээтэй хүмүүст хамаардаг юм.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!